Лондоны метроны халдлагатай холбогдуулан дахин нэг этгээдийг баривчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-09-18 08:37:46
ЛОНДОН. /Би-Би-Си/. Өнгөрөгч долоо хоногийн баасан гарагт Их Британийн нийслэл Лондон хотын метронд болсон дэлбэрэлттэй холбогдуулан дахин нэг эрэгтэйг баривчилснаа тус улсын цагдаа нар мэдэгдлээ.

“Би-Би-Си” телевизийн мэдээлснээр, цагдаа нар бямба гарагийн орой 21 настай эрэгтэйг баривчлан саатуулсан байна. Үүний өмнөх өдөр тэд 18 настай эрэгтэйг баривчилсан юм.

Цагдаа нар хоёр сэжигтний гэрийг нэгжиж байгаа аж. Мөн хоёр этгээд хоорондоо ямар нэгэн харилцаа холбоотой эсэх, өөр хүмүүс энэ халдлагад холбоотой эсэхийг цагдаа нар тогтоохоор ажиллаж байна.

Өнгөрсөн долоо  хоногийн баасан гарагийн өглөө Лондоны метронд сэжиг бүхий биет дэлбэрсний улмаас 30 хүн түлэгдэж бэртсэн юм.
Г.Доржханд
Related news