Умард Солонгосоос Өмнөд Солонгос руу дүрвэгчдийн тоо 13 хувиар буурчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-09-18 10:18:51
СӨҮЛ. /Ёнхап/. Энэ он гарснаас хойш Умард Солонгосоос дүрвэн зугтаж Өмнөд Солонгост ирсэн хүмүүсийн тоо өнгөрсөн оны мөн үеийнхээс 13 хувиар буурчээ. Энэ тухай Өмнөд Солонгосын Улс орноо нэгтгэх яам мэдэгдсэнийг тус улсын “Ёнхап” агентлаг уламжиллаа.

Улс орноо нэгтгэх яамны мэдэгдсэнээр, он гарснаас хойш 780 хүн Умард Солонгосоос дүрвэн Өмнөд Солонгост иржээ. Энэ хүмүүсийн олонх нь ядуурлаас дайжсан эгэл жирийн иргэд, тариаланчид ажээ.

Умард Солонгос болон Хятад улсын аль аль нь хилийн харуул хамгаалалтыг чангатгаж, хилийн дагуу хяналтын камер суурилуулах болсон нь Умард Солонгосоос дүрвэн зугтагчдын тоо буурахад нөлөөлсөн бололтой.  

Сөүлийн мэдэгдсэнээр, 1953 онд Солонгосын дайн дууссанаас хойш Умард Солонгосын 30 мянга гаруй иргэн Өмнөд Солонгос руу дүрвээд байна.

Өмнөд Солонгосын Улс орноо нэгтгэх яамны мэдэгдэлд дурдсанаар, энэ он гарснаас хойш дүрвэн зугтсан хүмүүсийн 56.9 хувь нь жирийн ажилчин, тариаланчид байгаа бол ердөө 3.5 хувь нь цэрэг ба засгийн газрын ажилтнууд байна.
 
 
Г.Доржханд
Related news