Дэлхийн шилдэг их сургуулиудын эхний хоёр байрт Их Британийн их сургуулиуд оржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
dorjkhand@montsame.mn
2017-09-18 11:56:08
ЛОНДОН. /Таймс Хайер Эдьюкейшн/. Дэлхийн хамгийн шилдэг их сургуулиудын жагсаалтын эхний хоёр байрт анх удаагаа Их Британийн их сургуулиуд оржээ. Энэ тухай мэдээлэл Их Британийн “Таймс Хайер Эдьюкейшн” долоо хоног тутмын сэтгүүлд нийтлэгджээ.

Тус улсын Оксфордын их сургууль хоёр жил дараалан дэлхийн шилдэг их сургуулиар тодорсон бол Кэмбрижийн их сургууль өмнөх оныхоосоо гурван байраар ахин шилдэг их сургуулиудын жагсаалтын хоёрдугаарт бичигдсэн байна.

“Таймс Хайер Эдьюкейшн” сэтгүүл 2003 оноос дэлхийн хамгийн шилдэг их дээд сургуулиудын жагсаалтыг гаргаж эхэлснээс хойш өнгөрсөн онд анх удаагаа АНУ-ын биш их сургууль жагсаалтыг тэргүүлсэн нь Оксфордын их сургууль байв.

Заах арга, судалгааны ажил, сургалтын чанар болон олон улс дахь нэр хүнд зэрэг шалгуураар “Таймс Хайер Эдьюкейшн” нь дэлхийн их дээд сургуулиудыг жагсаадаг аж.

Судалгааны ажлын орлого болон чанар сайжирсан нь Кэмбрижийн их сургуулийг хоёрдугаар байрт жагсахад ихээхэн нөлөөлсөн гэнэ.

Гэхдээ Их Британийн энэ хоёр их сургууль дэлхийд тэргүүлэгчийн байр сууриа тийм ч удаан хадгалж чадахгүй байж магадгүй. Учир нь Кэмбрижийн их сургуулийн судалгааны ажлын санхүүжилтийн дөрөвний нэг хувь, Оксфордын  их сургуулийн судалгааны ажлын санхүүжилтийн тавны нэг хувь нь Европын Холбооноос  орж ирдэг гэнэ. Их Британи Европын Холбооноос албан ёсоор гарахаар энэ санхүүжилтийг өгөхгүй болох ажээ.

Хойд Америк, Европ болон Австралийн их дээд сургуулиуд дэлхийн эрдэм шинжилгээний ажлын хамгийн шилдэг төвүүд  хэвээр байна.

Дэлхийн шилдэг 200 их дээд сургуульд багтсан АНУ-ын их сургуулиудын тоо 29-өөр буурсан бол энэ жагсаалтад багтсан Азийн их сургуулиудын тоо жил ирэх тусам нэмэгдсээр байна.

Уг жагсаалтад Азиас Сингапурын их сургууль хамгийн дээгүүр буюу 22 дугаар байрт оржээ.

Хятадаас Бээжингийн их сургууль болон Цинхуа их сургууль 27 ба 30 дугаар байрт жагссан байна.

Дэлхийн шилдэг их дээд сургуулиудын жагсаалтын эхний 30-д  Азийн гурван их сургууль анх удаагаа багтсан нь энэ ажээ.

Дэлхийн хамгийн шилдэг 10 их сургууль

1.   Окфордын их сургууль /Их Британи/
2.   Кэмбрижийн их сургууль /Их Британи/
3.   Калифорнийн технологийн их сургууль /АНУ/
4.   Стэнфордийн их сургууль  /АНУ/
5.   Массачусетсын технологийн их сургууль /АНУ/
6.   Харвардын их сургууль /АНУ/
7.   Принстоны их сургууль /АНУ/
8.   Лондоны хатан хааны нэрэмжит коллеж /Их Британи/
9.   Чикагогийн их сургууль /АНУ/
10.                   Пенсильванийн их сургууль /АНУ/
Г.Доржханд
Related news