Бухарестын шөнийн клубт гарсан түймэрт амиа алдагсдын тоо нэмэгдсээр

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2015-11-11 15:24:01

БУХАРЕСТ. /TASS/. Румыны нийслэл Бухарест хотын шөнийн клубт гарсан түймрийн улмаас амиа алдагсдын тоо 49 болжээ. Түймэрт өртөж биеийнхээ 60 хувьд түлэгдэл авсан нэг хүн Их Британийн Ливерпуль хотын эмнэлэгт мягмар гарагийн орой нас барсан тухай тус улсын Дотоод хэргийн яам мэдээлсэн байна.

Румыны эрх баригчдын тавьсан хүсэлтийн дагуу түлэгдэж гэмтсэн хүмүүсийг эмнэлгүүддээ хүлээж авахыг Нидерланд, Норвеги, Швейцарь, Австрали, Бельги, Герман болон Израиль улс зөвшөөрчээ. Эдгээр орны эмнэлгүүдэд түймэрт өртсөн 35 орчим хүнийг хүргэсэн боловч тэдний зургаа нь нас барсан байна.

Түймэр гарсны дараахан 27 хүн амиа алдаж, 200 хүнийг эмнэлэгт хүргэсэн тухай мэдээлж байв. Үүнээс хойш амиа алдагсдын тоо тогтвортой нэмэгдсээр байгаа юм. Бухарест хотын эмнэлгүүдэд түлэгдэж гэмтсэн 76 хүн байгаагийн 24-ийнх нь биеийн байдал хүнд байна гэж Румыны Эрүүл мэндийн яам мэдээлжээ.

Д.Жаргал

 

Related news