Э.Бат-Үүл тэргүүтэй төлөөгчид Пхеньянд айлчилж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ
nyamtulga@montsame.mn
2015-11-20 10:14:41

ПХЕНЬЯН. /KCNA/. Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл тэргүүтэй Монголын нөхөрсөг төлөөлөгчид Умард Солонгосын нийслэл Пхеньян хотод айлчилж байна.

Улаанбаатар хотын Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч болон Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга, Ази, Ойрхи Дорнод, Африкийн хэлтсийн хоёрдугаар нарийн бичгийн дарга зэрэг төлөөлөгчид Пхеньян хотын захирагчийн хүсэлтийн дагуу тус хотод айлчилжээ.

Монголын төлөөлөгчид айлчлалынхаа үеэр Умард Солонгосын холбогдох албаны хүмүүстэй уулзаж, голдуу хотын хөгжил, экологийн асуудлаар хэлэлцээ хийнэ.

Айлчлал энэ сарын 24 хүртэл үргэлжлэх ажээ.

Монгол болон Умард Солонгос 1948 оны 10 дугаар сарын 15-нд анх дипломат харилцаа тогтоосон байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2013 онд Умард Солонгост айлчилж, хоёр улсын эдийн засгийн харилцаа, ялангуяа, нефть боловсруулах хамтын ажиллагааг өргөжүүлсэн байна.

Д.Нямтулга

Related news