Сайн үйлсийн төлөөх 16 хүчит бөхийн халз барилдаанд О.Хангай тэргүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-01-21 18:09:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Аса” циркийн тайзнаа өчигдөр буюу энэ сарын 20-нд 30 сая төгрөгийн шагналын сан бүхий хүчит 16 бөхийн "Сайн үйлсийн" халз барилдааныг анх удаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар,О.Гүндэгмаа нарын үүсгэн байгуулсан “Хосбаатар” сангаас санаачлан амжилттай зохион байгууллаа.

Өнөө цагийн үндэсний бөхийн 16 хүчит бөхийн халз барилдаанаас олсон орлогыг чөлөөт бөхийн ОУХМ, ДАШТ-ий мөнгөн медальт Банзрагчийн Оюунсүрэнгийн эмчилгээнд зориулж байгаа гэдгийг бөхдөө хайртай монголчууд халуун сэтгэлээр дэмжсэн нь нэн таатай. Б.Оюунсүрэн нь 2006 оноос чөлөөт бөхөөр хичээллэж, Дэлхий болон Ази тивийн АШТ-ий мөнгөн медалийг эх орондоо авчирсан юм. Тэрбээр хүнд өвчнөөр өвдөж, БНСУ-д яаралтай мэс засалд орох шаардлагатай болсон юм. Энэ өдөр “Аса” циркт бөхдөө элэгтэй монголчууд, үндэсний бөхийн өнөө цагийн хүчтэнүүд, жүдо, чөлөөт бөхийн үе үеийн алдартнууд тэргүүтэй олон зуун хүн чөлөөт бөхийн тамирчин Б.Оюунсүрэнд халуун сэтгэлийн гараа сунгахаар хуран цуглажээ.

Энэхүү сайн үйлсийг дэмжин  тус сантай хамтран “Жудаг” групп, “Аваргууд” академи, “Амжилтын төлөө хамтдаа” ТББ зохион явуулсан гэдгийг онцлон дурдах ёстой. Мөн шилдэг 16 хүчтэний халз барилдаан нь сар шинийн өмнөхөн болж байгаа болохоор манай бөх сонирхогчдыг байлдан дагуулсан үзүүштэй барилдаан гэдгийг  "Аса" циркийн гадна талд тасалбар сурагласан хүмүүсийн бөөгнөрөл ч илтгэж байсан юм.

Халз барилдаанд хүчээ сорих бөхчүүдээс Улсын арслан Р.Пүрэвдагва, улсын заан Б.Пүрэвсайхан, улсын заан Б.Батмөнх, улсын харцага Б.Бат-Өлзий, улсын харцага Б.Одгэрэл, улсын харцага Х.Гантулга, улсын харцага Т.Баасанхүү, улсын харцага М.Бадарч, улсын харцага О.Хангай, улсын начин Ж.Чулуунбат, улсын начин Э.Энхбат, улсын начин Э.Даш, улсын начин Ч.Хөхчирэнгэр, улсын начин Б.Амарзаяа нарын 14 бөх хүрэлцэн ирсэн байв. Харин улсын арслан Э.Оюунболд, улсын заан Н.Жаргалбаяр нар тодорхой шалтгааны улмаас ирж чадаагүй гэдгийг хөтлөгч мэдээллээ.

Ингээд Н.Жаргалбаяр зааны оронд улсын харцага Н.Батзаяа барилдахаар болсон бол Э.Оюунболд арслангийн оронд барилдах бөхийг Аса циркт энэ барилдааныг үзэхээр хүрэлцэн ирсэн бөхчүүдээс үзэгчдийн саналаар барилдуулахаар болсон юм. Энд олон шилдэг улсын цолтой болон аймгийн арслан, заанууд ирсэн байснаас аймгийн хурц арслан Н.Золбоог барилдуулахыг үзэгч олон ч дэмжиж, зодог шуудагтайгаа ирсэн Золбоо ч өөрөө зөвшөөрснөөр 16 дахь бөхөөр тодорлоо.

Улмаар шилдэг 16 хүчит бөхийн барилдааны нэгийн давааны оноолтыг олон улсын жишгийн дагуу компьютерийн программаар явуулахад, Улсын арслан Р.Пүрэвдагва-у.з Б.Пүрэвсайхан, у.х Т.Баасанхүү - у.н Ч.Хөхчирэнгэр, у.з Б.Батмөнх - у.н
Б.Амарзаяа, у.х Н.Батзаяа - у.н Э.Даш, у.х Б.Бат-Өлзий - а.а Н.Золбоо, у.х М.Бадарч - у.н Э.Энхбат, у.х Х.Гантулга - у.н Ж.Чулуунбат, у.х О.Хангай - у.х Б.Одгэрэл нар хүч үзлээ. Анхны нэг сая төгрөгийн давааны эздээр Р.Пүрэвдагва, Т.Баасанхүү, Б.Амарзаяа, Э.Даш, Б.Бат-Өлзий,  М.Бадарч, Х.Гантулга, О.Хангай нар тодорлоо.

Энэ тэмцээний бас нэгэн сонирхолтой хэсэг нь
их спортын хоёр тамирчны халз барилдаан байсан бөгөөд Дэлхийн аваргын хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Г.Мандахнаран, жүдо бөхийн шигшээ багийн тамирчин, ОУХМ Д.Төмөрхүлэг нар байв. Гурван удаа халз барилдах бооцоотой тэдний эхний барилдаанд Д.Төмөрхүлэг давж нэг сая төгрөгийн эзэн боллоо. Төмөрхүлэг нь улсын харцага Ч.Даваадорж агсаны хүү бөгөөд сумын заан цолтой юм.

Нэг давсан бөхчүүд хоёрын даваанд дахин программаар оноолт хийхэд у.х Б.Бат-Өлзий - у.х О.Хангай, у.а Р.Пүрэвдагва - у.х Х.Гантулга, у.х Т.Баасанхүү - у.н Э.Даш, у.х М.Бадарч - у.н Б.Амарзаяа нар учраа таарч О.Хангай, Х.Гантулга, Т.Баасанхүү, М.Бадарч нар хоёр дахь давааны эзэд болов. Харин нэгийн даваанд унасан найман бөхийн хооронд оноолт хийхэд Б.Пүрэвсайхан, Ж.Чулуунбаттай барилдаж давсан бол Ч.Хөхчирэнгэр, Н.Батзаяаг давж, заан Б.Батмөнх, Э.Энхбатыг унагаж, Б.Одгэрэл харцагад Н.Золбоо уналаа. Давсан найман бөхөд давааны нэг сая төгрөгийн бооцоог нь гардуулсан юм.

Хүчит 16 бөхийн халз барилдааны гурвын даваанд бөхчүүд цолны эрэмбээр ам авч Улсын арслан Р.Пүрэвдагва- у.х Н.Батзаяа, у.з Б.Пүрэвсайхан – у.н Э.Даш, у.з Б.Батмөнх - у.х Х.Гантулга, у.х Т.Баасанхүү - у.х М.Бадарч, у.х О.Хангай - у.н Ч.Хөхчирэнгэр, у.х Б.Одгэрэл - у.х Б.Бат-Өлзий, у.н Э.Энхбат-у.н Б.Амарзаяа, у.н Ж.Чулуунбат - а.а Н.Золбоо нар учраа таарч барилдлаа. Улмаар Р.Пүрэвдагва, Э.Даш, Х.Гантулга, Т.Баасанхүү, О.Хангай, Э.Энхбат, Б.Бат-Өлзий, Ж.Чулуунбат нар учраа бөхөө  давснаар тэд нэг сая төгрөгөө хүртсэн юм. Харин тэднээс О.Хангай, Х.Гантулга, Т.Баасанхүү нарын 3 харцага энэ халз барилдаанд гурав давсан амжилтаар 3 сая төгрөгийн халз барилдаанд туналаа.

Энэ барилдааны өмнө Их спортын хоёр тамирчны халз барилдаан болж Г.Мандахнаран, Д.Төмөрхүлгийг илүүрхэн давж, давааны нэг сая төгрөгийн эзэн болов.

Халз барилдаанд хүчээ сорьсон бөхчүүд шагналын 30 сая төгрөгийн  тал буюу 15 сая төгрөгийг Б.Оюунсүрэнд хандивлаж байгаагаа дуулгасан юм. Тамирчин хүнд бэртэл гэмтэл нь хамгийн хүнд сорилт, шалгуур төдийгүй саад бэрхшээл болдгийг аль ч спортынхон сэтгэл зүрхээрээ ойлгосон тамирчдын чин сэтгэл нийлсэн энэ шийдвэр харууллаа.

Ингээд шилдэг 16 бөхөөс шалгарсан гурван харцагын эхний барилдаан О.Хангай, Т.Баасанхүү нарын хооронд болж О.Хангай давж үзэгч олноо баясгав.

Энэ барилдааны дараа жүдо, чөлөөт бөхийн шилдэг тамирчид болох Г.Мандахнаран, Д.Төмөрхүлэг нарын гурав дахь халз барилдаан болж жүдоч, ОУХМ Д.Төмөрхүлэг өрсөлдөгчөө давж дахин сая төгрөгийн бай шагнал хүртсэн юм.

Улмаар шилдэг 16 хүчтэний халз барилдаанд дөрөв давсан О.Хангайтай харцага Х.Гантулга халз барилдахад Монгол Улсын харцага О.Хангай давж, гурав сая төгрөгийн эзэн болж бөх сонирхогчдоо баярлууллаа.

Дашрамд сонирхуулахад, Бөхдөө хайртай монголчууд, үндэсний бөхийн өнөө цагийн хүчтэнүүд, орчин үеийн бөхийн төрлийн спортынхон халуун сэтгэлээрээ нэгдэн хандив цуглуулж, тамирчин Б.Оюунсүрэнгийн эмчилгээний зардлыг нь сайн үйлс өрнүүлэн ийнхүү босгож чадлаа. Энэхүү сайн үйлсийг Ардын багш Ч.Дамдиншарав, Хөдөлмөрийн баатар, дэлхийн хошой аварга З.Ойдов, Ардын багш Ч.Насантогтох тэргүүтэй их спортын шилдгүүд хүрэлцэн ирж шагналыг нь гардуулж баяр хүргэж, халз барилдааныг үзэж, чин сэтгэлээсээ дэмжсэн юм.

Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатарын санаачилсан энэ сайн үйлсийн арга хэмжээ нь манай бүх спортынхонд шинэ, содон үйл явдал болж, шинэ үеийнхэнд түгээн дэлгэрүүлэх жишиг болсон гэдгийг бөхдөө хайртай монголчууд төдийгүй их спортынхон хүлээн зөвшөөрч халуунаар талархан хүлээж авсан билээ.

 

Д.Өлзий

 

Related news