Бангладешт “Facebook” –ийг хаав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2015-11-20 14:01:32

ИСЛАМАБАД. /TASS/.  “Facebook” нийгмийн сүлжээг мөн цахим зурвасны алдартай программ болох “WhatsApp” болон” Viber”-ийг Бангладешийн эрх баригчид өчигдөр хаажээ. Энэ тухай Пакистаны телевизийн "Гео-ТВ" суваг мэдээлсэн байна.

“Бангладешийн Засгийн газраас үүрэг болгосны дагуу бид “Facebook” нийгмийн сүлжээг, мөн “WhatsApp” болон “Viber”-ийг хаалаа” гэж тус улсын Радиотелевизийн үндэсний комиссын төлөөлөгч Шахжахан Махмуд хэлжээ.

Сөрөг хүчний удирдагчид болох Али Мохаммад Муджахид болон Салахуддин Кайдерт оноосон цаазаар авах ялыг шүүхээс хэвээр үлдээх шийдвэр гаргасны дараа олныг хамарсан эсэргүүцлийн ажиллагаа болохоос болгоомжлон ийм арга хэмжээ авсан байна. Тэднийг 1971 оны дайны үед үйлдсэн харгис хэрцгий хэрэгт буруутгажээ. Тэдэнд цаазаар авах ял оноосны дараа Бангладешийн маш олон сууринд эсэргүүцлийн ажиллагаа болсон бол тус улсын сөрөг хүчний томоохон нам болох “Жамаат-е-Ислами” том хэмжээний ажил хаялт зохион байгуулахаа амласан байна.

Д.Жаргал

 

Related news