Д.Баярсайхан: Нийслэлд шүлхий гарсан тохиолдолд 1.5 сая иргэн эрсдэлд орно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЯРИЛЦЛАГА
ariunbold@montsame.gov.mn
2018-03-28 09:20:28
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Нийслэлийн нутаг дэвсгэрийн хориглосон бүсэд байгаа малыг нүүлгэн шилжүүлэх тухай Нийслэлийн Засаг даргын захирамж 2017 онд гарсан. Энэхүү захирамжийн хэрэгжилтийн талаар  Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Эрчимжсэн мал аж ахуйн хэлтсийн дарга Д.Баярсайханаас тодруулав.

-Нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа малыг нүүлгэн шилжүүлэх шийдвэр гарах болсон шалтгааны талаар ярилцлагаа эхлэх үү?

- Өнгөрсөн онд 12 аймгийн 27 сум, энэ онд 12 аймгийн 33 суманд шүлхий өвчин гарсан. Мөн 2017 онд Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт шүлхий өвчин гарсан. Тэгэхээр нийслэлийн нутаг дэвсгэрт дахин шүлхий, боом, цэцэг зэрэг мал амьтны гоц халдварт өвчин гарахгүй гэсэн баталгаа байхгүй. Нийслэлийн нутаг дэвсгэрт мал, амьтны гоц халдварт өвчин тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор 2017 оны 08 сарын 02-ний өдрийн Нийслэлийн Засаг даргын  A592 тоот захирамж гаргаж, ХХААХҮЯ, ОБЕГ, МХЕГ, нийслэлийн холбогдох байгууллагууд болон есөн дүүргийн Засаг дарга нар оролцсон 29 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулсан ажлын хэсгийн ахлагчаар Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр томилогдсон. НИТХ-ын 2015 оны 85 дугаар тогтоолоор тогтоосон мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд байгаа малыг гаргах юм. Энэхүү тогтоолд нийслэлийн СХД-ийн 21,32 хороо, БЗД-ийн 20,11 хороо, ХУД-ийн 12,13,14 хороо, Багануур, Багахангай, Налайх дүүрэгт  мал аж ахуй эрхлэхийг зөвшөөрсөн үүнээс бусад дүүрэг, хороо бүхэлдээ мал аж ахуй эрхлэхийг хориглосон. 2016 оны жилийн эцсийн мал тооллогоор энэ хориглосон хороо, дүүрэгт 16704 толгой мал тоологдсон байсан. 

-Энэ шийдвэрийг малчин өрхүүд хэрхэн хүлээж авч байна вэ. Тодорхой хэмжээний эсэргүүцэлтэй тулж байгаа байх?

-Ажлын хэсэг нийслэлийн мал бүхий иргэдтэй уулзаж, ухуулан таниулах ажил хийсэн. Тухайн үед малчин өрхүүд бидний шаардлагыг хүлээж аваад мал аж ахуй эрхлэх боломжтой бүст цахилгаан, усны асуудлыг шийдвэрлээд өг гэсэн. Зарим өрх нь хүүхдүүдийн сургууль цэцэрлэг холдох учраас нүүх боломжгүй, автомашин, унаа тэрэггүй тул нүүж чадахгүй гэдэг. Гэхдээ эдгээр өрх бусад 1.5 сая иргэнийг хохироохгүйн тулд малаа хориглосон бүсээс гаргах шаардлагатай.

-Шүлхий болон бусад өвчний улмаас улс орны эдийн засагт төдийгүй иргэдийн амьдралд ч ихээхэн хохирол учирдаг. Энэ талаар?

-Өнгөрсөн онд Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгт гарсан шүлхий өвчний тархалтыг зогсооход Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгө, Мал эмнэлэг, үржлийн газраас вакцин, хорио цээрийн дэглэм тогтоох, ариутгал халдваргүйжүүлэлт, хорио цээрийн бүсд ажиллагсадын хоол томилолт зэрэгт 1.5 тэрбум төгрөг зарцуулсан. Өөрөөр хэлбэл, 600 хүүхдийн багтаамжтай сургууль барих мөнгийг зууханд хийгээд шатааж байгаатай адил. Шүлхий бол Дэлхийн худалдааны байгууллагын Хорио цээрийн жагсаалтын нэгдүгээрт бичигддэг өвчин. Дэлхийн мал, амьтны байгууллагад аль нэг улсад шүлхий гарсан тухай мэдээлэл очиход л Дэлхийн худалдааны байгууллагаас тухайн бүсээс малын гаралтай бүтээгдэхүүн худалдаж авахыг хориглодог. Энэ мэтээр улс орны эдийн засгийн хөгжилд ихээхэн саад учруулдаг.

Нөгөөтэйгүүр иргэдийн амьдралд ихээхэн дарамт болно. Шүлхий гарсан тохиолдолд ХХААХҮ-ийн сайдын 93 тоот  тушаалаар 21 хоног хорио цээрийн дэглэм тогтооно. Ингэснээр тэнд байгаа иргэд хорио цээрийн бүсээс гарах ямар ч боломжгүй болдог. Ажилдаа явж чадахгүйгээгээс гадна санхүүгийн болон сэтгэл санааны хохирол амсдаг. Хамгийн наад захын жишээ гэхэд л хүн  нас барсан тохиолдолд хөдөөлүүлж чаддаггүй, гадаадад томилолтоор ажиллах байсан хүн нислэгээсээ хоцордог ажил төрөл сургууль цэцэрлэгтээ явах боломжгүй болдог зэрэг олон асуудал бий. Тэгэхээр нийслэлд шүлхий өвчин гарсан тохиолдолд олон хүн санхүүгийн болоод бусад байдлаар хохирно гэсэн үг.

-Тэгэхээр малгүй иргэд өөрсдийгөө эрсдэлээс хамгаалах үүднээс малчин өрхүүдэд шаардлага тавих хэрэгтэй болох нь?

-Шаардлага тавих ёстой. Хориглосон бүсэд мал аж ахуй эрхэлснээр маш олон хүнийг эрсдэлд оруулж байна. Энэ сард дүүргүүдээр иргэдтэй уулзаж явахад малгүй иргэд уулзалтад ирж санал гомдлоо хэлж байсан. Малчин өрхүүд үхсэн малын сэг зэмээ  устгалд оруулахгүйгээр жалганд хаядаг. Үүнээс үүдэлтэйгээр элдэв халдварт өвчин гарах магадлалтай. Түүнчлэн иргэд гэр хорооллын болон зуслангийн  элдэв хог иддэг  үхрийн сүүг худалдаж авч хэрэглэдэг зэрэг асуудал тавьж байсан.

-Мал аж ахуй эрхлэх боломжтой бүс нутгийг тогтоосон уу?

-Ажлын хэсэг нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг зөвшөөрсөн   нутаг дэвсгэрт малтай иргэд суурьшуулж болох 11 байршил нийслэлийн газрийн албанаас тогтоож өгсөн. Үүнээс Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаас Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо буюу Гачууртын Арцатын ам, Сонгинохайрхан дүүргийн 21 хорооны Ногоон толгой, Нарийний хэсэг гэсэн гурван байршлийг сонгосон юм. Энэ гурван газар нь нийт 378 орчим өрх багтах боломжтой. Саяхан Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаас тухайн газруудад цахилгааны дэд станц барих төсвийн асуудлыг шийдвэрлэсэн. Худаг ус, дэд станциудыг энэ оны тавдугаар сар гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.



-Бусад аймаг, сумдын нутагт суурьших боломж нээлттэй юу?

-Бусад аймаг сумдад шилжин суурьшиж болно. Ингэсэн тохиолдолд тухайн өрхийн малд ариутгал, халдваргүйжүүлэлт, вакцин зэргийг хийгээд суурьших аймгийнх нь удирдлагуудад албан бичиг хүргүүлнэ. Энэ бол улсын хэмжээний томоохон ажил учраас  тухайн өрхийг өвөлжөө, газар нутгаар хангах, бусдад гадуурхагдахгүй байх буюу хэв журмын зөрчлөөс хамгаалах зэрэг зөвлөмжийг Улсын онцгой комисс, ажлын хэсгийн  зүгээс  аймаг, сумдын удирдлагуудад өгөх юм.

-Дэд бүтцийн асуудлыг нь шийдвэрлэсний дараа малаа хориглосон бүсээс гаргахыг эсэргүүцсэн тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?

-1.5 сая иргэний эрх ашгийг хамгаалахын тулд нүүлгэнэ. Үүнээс өөр аргагүй. Нөгөөтэйгүүр энэ оны зургадугаар сараас хэрэгжиж эхлэх Малын эрүүл мэндийн тухай болон Малын генетик нөөцийн тухай хуульд энэ талаар маш том зохицуулалт орсон. Энэ хуульд мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд мал байлгасан, цаг хугацаандаа вакцинд хамруулаагүйгээс үүдэн гоц халдварт өвчин гарсан тохиолдолд улсад учирсан хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ гэсэн заалт бий. Одоо бол малчин өрхүүд шүлхийтэй малаа устгуулаад төрөөс нөхөн төлбөр авдаг бол зургадугаар сараас эхлээд тухайн иргэн хариуцлага хүлээдэг болно.

-Нүүлгэн шилжүүлэхгүйгээр асуудлыг шийдвэрлэх өөр гаргалгаа байгаагүй юм уу?

-Өнгөрсөн жил малчидтай уулзах үед зарим өрх малаа бидэнд зарах санал тавьсан юм. Үүний дагуу ажлын хэсэг судалж малыг худалдаж авах санхүүгийн асуудлыг шийдвэрлүүлж сангийн яамны зөвшөөрөлтэй үнэлгээ хийх эрх бүхий үнэлгээний компаниар үнэлгээ хийлгэсэн юм. Ингээд тухайн малыг нь худалдаж авах, мах бэлтгэх компаниудад нийлүүлэх талаар хамтран ажиллах санал тавьсан 10 гаран компанид санал хүргүүлсэн боловч  нэгдүгээрт зах зээлийн үнээс өндөр байна махны чиглэлийн үхэр биш сүүн ашиг шимтэй үхрүүд байна  хоёрдугаарт эдгээр мал нь зуслан, гэр хорооллын элдэв хог иддэг, эрүүл мэндийн шаардлага хангахгүй тул хамтран ажиллах боломжгүй  гэсэн тайлбарыг мах бэлтгэлийн компаниуд өгсөн.Нөгөөтэйгүүр нийслэлд ихэвчлэн сүүний чиглэлийн үнээ бий. Сүүний чиглэлийн үнээ хэт туранхай байдаг тул мах бэлтгэлийн компаниуд худалдаж авсан ч үнэд хүрэхгүй байх зэрэг асуудал гарсан учраас худалдан авах ажил зогссон.

-Нийслэлийн Засаг даргын захирамж гарснаас хойш хориглосон бүсээс хэдэн мал гаргасан бэ?

-2900 орчим малыг хориглосон бүсээс гаргасан. Энэ жил зарим аймгууд өвөлжилт хаваржилт хүндхэн байсантай холбоотойгоор зарим сумын малчид нийслэлийн зуслангийн бүс рүү маршрутын бус буюу хулгайн замаар орж, зуслангийн хашаанд мал тэжээх зэрэг асуудал гарсан .Энэ тал дээр маршрутын бус хулгайн замуудад тавих хяналт шалгалтыг сайжруулах байнгийн ажиллагаатай постуудыг нэмэх  тал дээр Нийслэлийн цагдаа, замын цагдаа, Нийслэлийн мэргэжлийн хяналт, Нийслэлийн онцгой байдлын газар  зэрэг байгууллагууд ажиллаж байна. 
 
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ
Related news