С.Бадрал: Монгол бичгийг Юникодод оруулснаар эх хэлээ 2000 жил хамгаалж чадна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЯРИЛЦЛАГА
ariunbold@montsame.gov.mn
2018-04-02 09:34:28
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс 2000 онд анх удаа үндэсний Монгол бичгээ цахим ертөнцөд оруулж, кодолсон байна. Ингэхдээ Юникодод авиа зүйн зарчмыг барьж стандартчилсан байдаг аж. Гэвч зарим нэгэн дүрмийн алдаа гарсны улмаас энэ асуудал 18 жил үргэлжилж, улмаар Олон Улсын Юникодын байгууллагад Монгол бичгийг дүрсээр кодлох тухай асуудал ярьж эхэлжээ. Үүнийг монгол бичгийн цахим хэрэглээний ирээдүйд нэн хортой хэмээн эрдэмтэн судлаач, мэргэжилтнүүд эсэргүүцэж байгаа юм. Монгол бичгийг Юникодод оруулахын ач холбогдол болон дүрсээр кодолсон тохиолдолд үүсэх эрсдлийн талаар “Болорсофт” компанийн үүсгэн байгуулагч С.Бадралтай ярилцлаа.

-Юникодод Монгол бичгийг оруулах нь ямар ач холбогдолтой вэ?

-Дэлхий нийтэд компьютер, интернэт хэрэглээнд нэвтэрснээр улс орнууд өөрийн хэл бичгээ кодлон оруулж эхэлсэн. Ингэснээр мэдээлэл, захидал дамжуулах үйл ажиллагаа эрчимжсэн гэж болно. Гэхдээ улс бүр хэл бичгээ өөр өөр кодоор оруулснаас үүдэн асуудал үүсч эхэлсэн. Өөрөөр хэлбэл, Монголд латинаар бичсэн зүйлийг англи руу илгээхэд код нь өөр тул фонт нь танигдахгүй байх зэрэг асуудал үүссэн. Тиймээс улс бүрийн хэл, бичгийг нэг стандартаар кодлох Олон улсын Юникодын байгууллага үүссэн юм. Энэ байгууллагад үндэсний бичгээ кодолсон тохиолдолд шууд олон улсын стандарт болно гэсэн үг. Юникодын кодолсон бичгийг Майкрософт, Адобе, Гүүглэ, Фэйсбүүк зэрэг бүх байгууллага шууд программдаа оруулдаг.  Улмаар Олон улсын стандартын байгууллага (ISO) тухайн хэлийг стандартчилдаг юм. Нэг бичиг кодлоход дунджаар 5 жил зарцуулдаг. Харин Монгол бичгийг кодлоход 18 жил зарцуулж байгаа ч шийдэгдээгүй байна. Юникодод Монгол бичгийг нэвтрүүлснээр Монгол бичиг компьютерт нэг стандартаар орж, фонт танигдахгүй байх зэрэг асуудлууд арилна гэсэн үг. Нөгөөтэйгүүр ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх томоохон тулгуур болно. Технологийн хөгжилтэй уялдаад орчин үеийн хэрэглээ бүгд цахим орчинд шилжсэн. Ирээдүйд Монгол бичгээ хэрэглэх, хадгалж үлдэхийн тулд бид заавал Юникодод оруулах ёстой. Ингэхгүй бол Монгол бичиг мөхөх аюултай.

-Монгол бичгийг кодлох ажил яагаад өнөөдрийг хүртэл шийдэгдэхгүй байна вэ?

-2000 онд “Mongolian Script” загварыг Р.Намсрай, М.Эрдэнэчимэг нарын эрдэмтэн, судлаачид оруулсан юм. Ингээд 2004 оны үед М.Эрдэнэчимэг эгч надтай холбогдоод тухайн код болон дүрмийн алдааг сайжруулах чиглэлд хамтран ажиллах санал тавьсан. Энэ бол Монгол бичгийн хамгийн анхны фонт байсан юм. Үүний дараа Юникодын байгууллагаас Монгол бичгийг цахим орчинд оруулах, ямар дүрэмтэй байх зэргийг судлан кодлох Working group 2 (WG2) ажлын хэсэг байгуулсан юм. Энэ ажлын хэсэгт гадны улсын төлөөлөл олон байдаг тул дүрмийн болон алдаатай кодлох тохиолдол бий. Тухайлбал Х үсгийн араас Ө үсэг ороход шилбэтэй бичигддэг байхад шилбийг нь орхих, эм үгийн болон эр үгийн Г-г ялгадаггүй  зэрэг. Тухайн үед би WG2-т ороогүй байсан. 2013 он хүртэлх хугаацаанд энэ ажлын хэсэг рүү гаргасан дүрмийн болоод бусад алдааг нь сайн дураараа явуулдаг байсан юм.

-Монгол бичгийг хамгийн түгээмэл хэрэглэдэг нь Өвөр Монгол. Өвөр Монголчууд яагаад Монгол бичгийг Юникодод оруулж чадахгүй байна вэ?

-Өвөр Монголчууд Хятадын Жи Пи стандартын дагуу өөрсдийн хэрэглээндээ тохирсон код ашигладаг. Юникодын байгууллагын зүгээс “Хятадын барьж байгаа стандарт зөвхөн орон нутгийн хэмжээнд байгаа тул олон улсад ашиглах боломжгүй. Хэрэв Юникодод Монгол бичгийг оруулбал эх хэлээ дараагийн 2000 жил хамгаалж чадна” гэсэн тайлбар өгдөг ч хүлээж авдаггүй юм.

-Монгол бичгийг дүрсээр кодолсон тохиолдолд ямар эрсдэл үүсэх вэ?

-Монгол бичиг бол гарцаагүй авиа зүйн хэл. Өөрөөр хэлбэл, На, Нэ болон Га, Гэ бол эр, эмээсээ шалтгаалаад 4 өөр үсэг. Дүрсээр кодолсон тохиолдолд На, Нэ хоёрыг нэг тэмдэгтээр, Га, Гэ хоёрыг мөн нэг тэмдэгтээр тэмдэглэх болж байгаа юм. Ингэснээр Монгол бичиг хэлнийхээ үндсэн мэдээллийг дамжуулж чадахгүй, хоосон дүрс л үүсгэдэг болно гэсэн үг. 2017 онд Монгол бичгийг авиа зүйн бус дүрс бичвэрээр оруулах хэрэгтэй гэсэн саналыг БНХАУ-ын мэргэжилтнүүд дэвшүүлсэн. Тэд бол цэвэр ханзынхаа талаас харж байгаа юм.

-Кодлоход дүрмийн алдаанаас өөр ямар асуудал үүсч байна вэ?

-Монголд энэ бичгийг төдийлөн ашиглахгүй байна. МОНЦАМЭ агентлагийн гаргадаг Хүмүүн бичиг сонин хэдийгээр Монгол бичгээр гарч байгаа ч код нь өөр. Өөр улс орон руу явуулахад фонтыг нь танихгүй гэсэн үг. Хамгийн сүүлд буюу 2017 оны есдүгээр сард дүрсээр кодлохыг зогсоосон ганц зүйл бол 2025 оноос хэрэгжиж эхлэх Монгол бичгийн тухай хууль. Тухайн үед дүрсээр кодлох гэж байхад нь Монгол Улс 2025 оноос хос бичигтэн болох гэж байгаа тул үндэсний бичгээ зөв кодлох ёстой гэсэн шаардлага тавьж байж болиулсан. Гэвч Юникод одоо ч дүрсээр кодлох байр сууринд байгаа. Хэрэв 2000 онд оруулсан загварыг Монголчууд сайн хөгжүүлж чадсан бол өдийд Монгол бичгийг авиа зүйгээр кодолчих байсан юм.

-Удахгүй Монгол бичгийг кодлох талаар Юникодын байгууллагын томоохон хурал болно. Энэ хурлын талаар?

-Энэ сарын 03-05-нд АНУ-д Юникодын техникийн экспертүүд хуралдана. Энэ хурлаар тухайн бичгийг кодлоход тулгамдаж байгаа техникийн асуудлуудыг хэлцэх юм. WG2 ажлын хэсэгт гишүүнээр оролцоно. Монголыг төлөөлж миний бие болон Т.Жамъяансүрэн багш оролцох юм. Техникийн хорооны хурал маш өндөр ач холбогдолтой. Энэ хорооны хурлаас шийдсэн асуудлыг дараагийн шатны хурал асуудалгүй баталдаг. Тиймээс энэ хурлын ач холбогдлыг олон нийтэд таниулах гэж багагаүй хичээлээ. Гэвч төрийн зүгээс “Монгол бичгийг дүрс бичгээр кодлох нь буруу. Бид авиа зүйгээр кодлохыг дэмжиж байна” гэсэн агуулгатай албан бичиг л явуулах хэмжээнд ярьж байна. Харамсалтай нь энэ хурал дээр зөвхөн техникийн асуудлыг хэлэлцэх тул энэ албан бичигт төдийлөн ач холбогдол өгөхгүй.

-Тэгэхээр дүрс бичгээр кодлох магадлал өндөр гэсэн үг үү?

-Батлах магадлал маш өндөр. Баталсан тохиолдолд дагахаас өөр аргагүй.

-Энэ хурлыг Монголд зохион байгуулж болох уу?

-Болно. Монголд болсон тохиолдолд бидэнд харин ч давуу тал болно. Энэ хуралд хамгийн ихдээ 40 хүн оролцдог. Зохион байгуулагч орон бол хурлын танхим, оролцогчдын зочид буудлын төлбөрийн 50 хувийг төлдөг. Үүнд 70-80 сая төгрөг л зарцуулна. Харин оролцогчид замын зардлаа өөрсдөө даадаг юм.

-Танайх хувийн хэвшлийн байгууллага. Энэ тал дээр төрийн байгууллагуудтай хамтарч ажиллаж болдоггүй юм уу?

-Монгол бичгийг кодлох асуудалд ихэвчлэн хэлний салбарын хүмүүс оролцож ирсэн. Энэ хүмүүс IT-ийн талаар ойлголт муутай. Тэгэхээр IT-ийн чиглэлд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар (ХХМТГ)-ыг оруулах нь зүйтэй гэсэн санал тавьж байсан. Гэвч стандартын асуудал ярьж байгаа тул Стандартчилал, хэмжил зүйн газар хариуцаж шийдэх ёстой гээд ХХМТГ-ынхан хөдөлдөггүй. Гэтэл цахим орчны асуудал ярьж байгаа тул ХХМТГ-аас технологийн асуудлыг нь шийдсэний дараа Стандарчилал, хэмжил зүйн газар стандартчилах ёстой юм. Тэгээд биднийг хийх гэхээр хувийн хэвшлийнхэн мөнгө олох гээд яваад байна гэх мэт хардлага ярьдаг. Ер нь бол хувийн байгууллага ашгийн төлөө л явдаг. Ашиг сонирхлын зөрчилтэй гэж ярьж болохгүй. Энэ чинь төрийн албан хаагчид л ярих ёстой асуудал юм. Гэхдээ би төрөөс нэг төгрөг ч авч байгаагүй. Би нэг удаа Юникодын хуралд оролцоход 10 мянга гаруй евро зарцуулдаг. Хэрэв би ашиг хайсан бол 2000 оны загварыг худалдах эсхүл хувиасаа зардал гаргахгүй гээд энэ асуудлыг хаячихаж болох л байсан.

-2000 оны загварыг худалдан авах санал ирж байсан юм уу?

-Майкрософт компан худалдан авах санал тавьсан. Ингэхдээ 2000 оны загвар зөвхөн Майкрософтын өмч байх, манай ажлын хэсэг дахин ийм төрлийн фонт хийхгүй байх гэх мэт хэд хэдэн шаардлага тавьсан. Ингэснээр Монгол бичгийн хэрэглээ хумигдах магадлалтай байсан тул бид саналыг хүлээж аваагүй.

-Төрийн байгууллагын зүгээс та бүхэнд ямар дэмжлэг хэрэгтэй байна вэ?

-Би ХБНГУ-д амьдарч байгаа. 2015 онд ХБНГУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яамаар дамжуулан Монгол бичгийг Юникодод кодлох ажил болон түүнд тулгамдаад байгаа асуудлын талаар төрийн өндөрлөгүүдэд хандан захидал бичиж байсан. Тэр захидал ГХЯ-аар дамжиж, Хэлний бодлогын үндэсний зөвлөлд хүрсэн байсан. Үүний дараа би Ерөнхийлөгчид мөн хандсан. Ингээд энэ оны 9 дүгээр сард Х.Баттулга Ерөнхийлөгч намайг болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, ГХЯ, ХХМТГ-ын төлөөллийг хүлээн авч уулзсан юм. Энэ уулзалтаар ХХМТ-ыг Монгол бичгийг кодлох асуудлыг хариуцаж шийдвэрлэх үүрэг өгсөн. Ингээд ХХМТГ-аас надаас гадна 10 хүний бүрэлдэхүүнтэй  ажлын хэсэг байгуулсан юм. Ажлын хэсгийн анхны хуралдаанаар энэ асуудлыг хувийн хэвшлийн байгууллагаар шийдүүлэх хэрэгтэй гэсэн асуудал яригдаж, тендер зарлах болсон. Ингээд тендер зарлах, болон бусад шаардлагатай хөрөнгө оруулалтыг тусгасан төсөв боловсруулсан хэдий ч 2018 оны төсвөөс хоцорсон. Ингээд энэ ажил гацаанд орчихоод байж байна.

-Хэдэн төгрөгийн  санхүүжилт шаардлагатай юм бэ? 

-Гурван жилийн хугацаанд нэг тэрум төгрөг зарцуулахаар боловсруулсан. Үүний дийлэнх нь ХХМТГ-аас гаргасан ажлын хэсгийн цалинд зарцуулах болсон байна. Мөн Юникодын техникийн хорооны хуралд жилд дөрвөн удаа оролцох төсөв, энэ хурлыг Монголд нэг удаа зохион байгуулах зэрэг зардлыг тусгасан байсан юм.

-Ярилцсанд баярлалаа.
Ч.Ариунболд
Related news