Ачаалж байна…
Ачаалж байна…
Oyunaa B

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Монгол Улсын эрчим хүчний салбарт олон арван жил хүлээгдэж буй “Эгийн голын УЦС” төслийг эхлүүлэх таатай нөхцөл бүрдсэнийг Монгол, Оросын ШУА-ийн эрдэмтэд онцоллоо.
Хоёр орны эрдэмтдээс бүрдсэн ажлын хэсгийн уулзалтаар “Эгийн голын УЦС” төслийн Сэлэнгэ мөрөн, Байгал нуурын экосистемд үзүүлэх нөлөөллийн байгаль орчны үнэлгээ судалгааны эцсийн үр дүнг хэлэлцэн, төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэн, тайланг ОХУ-ын ШУА-д хүлээлгэн өгчээ.
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан “Эгийн голын УЦС” төслийн хүрээнд Монгол, Оросын ШУА-ийн эрдэмтдээс бүрдсэн ажлын хэсгийн уулзалт Москва хотод энэ сарын 19-нд болж, судалгааны үр дүн, зөвлөмжийг энэ оны 12 дугаар сард хоёр улсын Засгийн газар хоорондын комиссын хуралдаанд танилцуулахаар болсныг Эгийн голын УЦС төслийн баг мэдээлжээ.
Эгийн голын УЦС нь Монгол Улсын эрчим хүчний хараат бус байдлыг хангах, эрчим хүчний системийн оргил ачааллыг зохицуулах зорилгоор Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт, Сэлэнгэ мөрний томоохон цутгал болох Эгийн гол дээр барихаар төлөвлөсөн стратегийн ач холбогдолтой төсөл юм. Нийслэлээс баруун хойш 450 км зайд орших тус станцыг 315 МВт суурилагдсан хүчин чадалтай, жилд дунджаар 606 сая кВт.цаг эрчим хүч үйлдвэрлэхээр тооцоолжээ. Төслийн хүрээнд 103 метр өндөр далан барьж, 5.7 тэрбум шоо метр эзэлхүүнтэй хиймэл нуур байгуулахаар төлөвлөсөн нь говийн бүсийн уул уурхай, үйлдвэрлэл, хүн амыг цэвэр усаар хангах, ган гачиг, үерийн эрсдэлээс сэргийлэх зэрэг ач холбогдолтой билээ.
Төслийг 1990-ээд оноос судалж, ТЭЗҮ-ийг хэд хэдэн удаа шинэчлэн боловсруулсан ч Эгийн гол нь ОХУ-ын нутагт орших Байгал нуурын усны урсацын томоохон эх үүсвэр болох Сэлэнгэ мөрөнд цутгадаг тул ОХУ-ын тал, ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооноос Байгал нуурын экосистемд үзүүлэх нөлөөллийг нарийвчлан судлах шаардлага тавьснаар бүтээн байгуулалт удааширч, байгаль орчны нэмэлт үнэлгээ хийсэн юм.
Дээрх уулзалтад Монголын талаас ШУА-ийн ерөнхийлөгч, академич С. Дэмбэрэлээр ахлуулсан 10 эрдэмтэн шинжээч, УИХ-ын гишүүн, төслийг санаачлагч С.Одонтуяа, УИХ-ын гишүүн, академич Д.Рэгдэл, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа, ЭХЯ-ны ахлах шинжээч Б.Намжилжав, “Эгийн голын УЦС” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал М.Баттулга, ОХУ-ын талаас Байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козлов, ОХУ-ын ШУА-ийн ерөнхийлөгч Г.Я.Красников, академич И.В.Бычков тэргүүтэй 20 эрдэмтэн шинжээч оролцжээ.