Ачаалж байна…
Ачаалж байна…
Чойжамц Отгонцэцэг

Сүхбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Намайг Мөнгөнцоожийн Оюун-Эрдэнэ гэдэг. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Ерөнхий боловсролын лаборатори 4 дүгээр сургуулийн 10 дугаар ангид суралцдаг, айлын ууган охин.
Би гэр бүлдээ тус нэмэр болох зорилгоор өөрийн хийж чаддаг зүйлээрээ орлого олохыг хүсдэг. Энэ хүсэл минь намайг анх нэхмэл нэхэж сурахад хүргэсэн. Дараа нь өөр зүйл туршиж үзэх сонирхлоор үслэг төмрөөр цэцэг хийж эхэлсэн. Эхэндээ зүгээр л туршиж хийж байсан зүйл маань одоо хүмүүсийн баяр, дурсамжтай холбоотой бүтээгдэхүүн болсон.
Хүмүүс төрсөн өдөр, баяр, эсвэл дурсамж болгон цэцэг захиалдаг. Дэлбээ бүрийг хэлбэржүүлж суухдаа тухайн хүн цэцгээ аваад инээмсэглэж байгаа мөчийг төсөөлдөг. Цэцэг хүнийг баярлуулдаг зүйл учраас тэр баярт нь миний хийсэн хөдөлмөр, сэтгэл шингэсэн байгаасай гэж хүсдэг.
Миний урладаг цэцэг байгалийн цэцэг шиг гандахгүй, удаан хадгалагддаг. Бүх цэцгээ гараар хийдэг учраас нямбай, анхааралтай урладаг. Заримдаа би өөрөөсөө “Яагаад энэ ажлыг хийх дуртай вэ” гэж асуудаг. Тэгэхэд хариулт нь их энгийн.
Би хүнийг баярлуулж чадна гэсэн мэдрэмжид дуртай. Сэтгэл шингээж урласан зүйл жижиг байсан ч хүнд удаан дурсагддаг гэж боддог.
Тиймээс цаашдаа ч цэцэг бүрээ анхны дэлбээ шиг нь нямбай, чин сэтгэлээсээ урлахыг хүсдэг.