Ачаалж байна…
Ачаалж байна…
Лхагва Н.

Жаргалант, 2026 оны арваннэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Дэлхийн хүүхдийн өдрийг тохиолдуулан хүүхдийн эрх, хамгаалал, оролцоог нэмэгдүүлэх, тэдний дуу хоолойг сонсож, тулгамдаж буй асуудлыг хамтран шийдвэрлэх зорилготой “Хүүхдээ сонсъё - Хамтдаа хамгаалъя” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг өнөөдөр Ховд аймагт зохион байгууллаа.
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сангаас жил бүрийн 11 дүгээр сарын 20-ны өдрийг “Дэлхийн хүүхдийн өдөр” болгон тэмдэглэдэг. Энэ жил “За бол заавал хийе” үндэсний хөдөлгөөнийг нийтэд сурталчлахын зэрэгцээ хүүхдийн сайн сайхан байдлыг дэмжсэн санаачилгыг бодит ажил болгоход анхаарч байна.
Хэлэлцүүлэгт Жаргалант сумын ерөнхий боловсролын есөн сургууль, Насан туршийн боловсролын төвийн сурагчид, аймгийн Хүүхдийн зөвлөл, оролцооны клубийн төлөөлөл, эцэг эх, асран хамгаалагчид оролцов.
Энэ үеэр сурагчид “Айдасгүй хүүхэд - аюулгүй орчин”, “Сонсдог гэр бүл”, “Би аав, ээжээсээ үүнийг хүсдэг” зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлж, үе тэнгийнхэнд нь тулгамдаж буй асуудал болон хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэхийн ач холбогдлыг хөндлөө. Мөн мэргэжлийн байгууллагын төлөөлөл өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн онцлог, Хүүхдийн эрхийн конвенцийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өглөө.
Түүнчлэн “Хүүхдийн дуу хоолой - Хамтын шийдэл” чөлөөт хэлэлцүүлгийн хүрээнд өмнөх өдрүүдэд сургуулиудаар явуулсан “Хүүхдийн дуу хоолой хайрцаг”-т ирсэн санал, хүсэлтийг нэгтгэн хэлэлцэж, цаашид орон нутгийн бодлого, төлөвлөлтөд тусган, холбогдох байгууллагуудтай хамтран шийдвэрлэхээр боллоо.
Сурагчдын зүгээс чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин, тоглоомын талбайн хүртээмжийг нэмэгдүүлэх, сургуулийн ойролцоох дэлгүүр, худалдааны цэгүүдийн бэлэн гоймон, электрон тамхины борлуулалтад хяналт тавих, гудамжны гэрэлтүүлгийг сайжруулах, эзэнтэй нохойг уяж хэвшүүлэх, хог хаягдлыг бууруулах зэрэг асуудлыг онцлон хэлэв.
Мөн хүүхдийн үзэл бодол, санал санаачилгыг сонсож, тэдний хэрэгцээ, шаардлагад нийцсэн аюулгүй, ээлтэй орчныг бүрдүүлэх нь гэр бүл, сургууль, төрийн болон холбогдох байгууллагуудын хамтын үүрэг гэдгийг хэлэлцүүлэгт оролцогчид онцоллоо.
Уг уулзалт, хэлэлцүүлгийг Ховд аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, Боловсролын газар, Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газар болон Аймгийн Хүүхдийн зөвлөл хамтран зохион байгуулсан юм.