Ачаалж байна…
Ачаалж байна…
Jargal D

ЛОНДОН, 2026 оны арваннэгдүгээр сарын 19 /TASS/. Их Британийн Засгийн газар ОХУ-ын нутаг дэвсгэрийн гүнд цохилт өгөх зориулалттай, холын тусгалын 1000 гаруй нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг Украинд нийлүүлнэ гэж тус улсын Ерөнхий сайд Энди Бернэмийн ажлын албаны мэдэгдэлд дурджээ.
Энэхүү мэдэгдлийг 11 дүгээр сарын 19-нд Берлин хотноо болох Украины асуудлаар “Сайн дурын үндсэн дээр нэгдсэн орнуудын эвсэл”-ийн уулзалтын өмнө гаргажээ. Уг уулзалтын үеэр Их Британийн Ерөнхий сайд Э.Бернэм 1000 гаруй км-ийн зайд байлдааны хүнд цэнэгт хошуу тээн нисэх чадалтай нисгэгчгүй нисэх төхөөрөмжүүдийг нийлүүлэх шийдвэр гаргаснаа мэдэгдэх аж. Эдгээр төхөөрөмж нь 260 сая фунт стерлингийн (341 сая ам.доллар) өртөг бүхий цэргийн тусламжийн багцад багтах юм. Ингэснээр Украины тал фронтын шугамаас алслагдсан цэргийн үйлдвэрлэлийн объект болон бусад байг онилон цохилт өгөх боломжтой болно гэж мэдэгдэлд дурдсэн байна.
Үүнээс гадна Их Британи Украинд тэнгисийн цэргийн зориулалттай, ложистик болон тагнуулын нисгэгчгүй төхөөрөмжүүдийг үйлдвэрлэж, нийлүүлэхээр болсныг дурдсан байна. Түүнчлэн “Lightweight Multirole Missiles” (LMM) пуужинг нийлүүлж эхэлсэн тухай Ерөнхий сайдын ажлын алба мэдээлсэн байна. 2025 оны гуравдугаар сард Их Британийн батлан хамгаалахын салбарын компаниуд Украинтай 1.6 тэрбум фунт стерлингийн үнийн дүнтэй гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний хүрээнд Киевт 5000 гаруй LMM пуужин нийлүүлнэ. Үүний зэрэгцээ Их Британийн 12 компани Украины “Avengers AI Labs” хиймэл оюуны лабораторийн мэдээллийн санд нэвтрэх эрх авчээ. Уг платформд байлдааны талбараас цуглуулж, хиймэл оюуны загваруудыг сургахад ашигладаг мэдээллийг хадгалдаг байна. Тулааны талбараас цуглуулсан мэдээллийн санд нэвтрэх хүсэлтийг Их Британийн нийт 92 компани гаргажээ.
Өнгөрсөн наймдугаар сард Украины Зэвсэгт хүчин ОХУ-ын нутаг дэвсгэрт цохилт өгөхдөө Их Британийн нисгэгчгүй төхөөрөмж ашигласан тухай хэвлэлүүд мэдээлж байсантай холбогдуулан Лондонд суугаа ОХУ-ын Элчин сайдын яам мэдэгдэл гаргасан байна. Уг мэдэгдэлд “Их Британийг энх тайвныг тогтоохыг эрмэлзэж буйгаа илэрхийлдэг хэдий ч бодит байдал дээр Украины хямралыг улам хурцатгах алхмыг санаатайгаар хийж байна” гэж буруутгажээ. Мөн Их Британийн эдгээр үйлдэл зайлшгүй үр дагаварт хүргэх бөгөөд үүнийхээ хариуцлагыг хүлээх болно гэдгийг анхааруулсан байна.