Ачаалж байна…
Ачаалж байна…
Oyunaa B

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. ЦУОШГ-ын мэдээлснээр энэ өвөл олон жилийн дунджаас 5 хэмээр хүйтэн байх судалгаа гаргаад байна.
Мөн зудын эрсдэлийн ерөнхий үнэлгээгээр манай улсын 330 сумын 290 буюу 87.8 хувьд эрсдэл дундаас дээш түвшинд байх дүн гарсан байна. Тухайлбал, онцгой эрсдэлтэй 8, их эрсдэлтэй 35, дунд эрсдэлтэй 247, бага эрсдэлтэй 40 сум байгааг ОБЕГ мэдээллээ.
Тодруулбал, 8 сум нэн онцгой эрсдэлтэй, 35 сум эрсдэл ихтэй байгаа. Ялангуяа, Баян-Өлгий аймгийн Сагсай, Цэнгэл, Увс аймгийн Сагил, Малчин, Наранбулаг, Цагаанхайрхан сумыг нэрлэжээ. Мөн Хангайн нуруугаа дагасан Завхан аймгийн хойд сумд эрсдэл ихтэй. Жил бүр туурайн зудтай, бэлчээрийн даац муу байдаг Баянхонгор, Өвөрхангай, Сүхбаатар, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймаг зудын эрсдэлтэй байгаагаас мал ихээр хорогдож болзошгүй байгаа.
Аймгуудын зудын эрсдэлийг оноогоор тооцоход Баян-Өлгий, Хөвсгөл 7, Говьсүмбэр 7.2 гэсэн үзүүлэлтээр их буюу “улбар шар”, харин Хэнтий 1.47, Орхон 1.48 үзүүлэлтээр бага буюу “ногоон” түвшинд бүртгэгджээ.
Мөн агаарын температур өмнө болж байсан зудтай жилүүдийнхээс -5 хэмээр хүйтэн байх, ялангуяа, энэ оны 12 дугаар сар, 2027 оны 1, 2 дугаар сард баруун, төвийн аймгуудад олон жилийн дунджаас илүү хүйтрэх төлөв байгаа юм.
Өвлийн төлөв байдал, болзошгүй эрсдэлийн талаар ОБЕГ-ын Эрсдэлийн удирдлагын газрын дарга, хурандаа Д.Баасансүрэн ярихдаа, “Энэ өвөл төв, зүүн бүс, говийн аймгийн нутгаар хур тунадас их орох төлөвтэй. 2023-2024 онд төмөр буюу шилэн зуд болж, яг өдийд 11 дүгээр сард цас их орсон. Баруунаас чиглэлтэй хур тунадасны хэмжээ нэмэгдэж, эргэн дулаарч хайлаад, шилэн зуд болсон. Энэ үед мал бэлчээрлэх боломжгүй болдог. Зудын тухайд 11 дүгээр сарын урьдчилсан төлөвөөс харахад Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Өмнөговь аймгийн ихэнх, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Архангай, Булган, Өвөрхангай, Дундговь аймгийн зарим нутгаар өвөлжилт онцгой, нэлээн хүндхэн байх төлөвтэй. Одоогоор нийт нутаг дэвсгэрийн 17 хувь нь цастай байна. Гэнэтийн аюулт үзэгдэл буюу үзэгдэх орчин хязгаарлагдсан, 20 гаруй цаг үргэлжлэх цасан шуурга болох эрсдэл их байна. Цаашид хур тунадас ихэсвэл мал бэлчих боломжгүй болж, отор нүүдэл хийхэд бэрхшээлтэй болно. Иймд зудын эрсдэлтэй аймаг, орон нутгийн удирдлагууд бэлтгэлээ базааж, хаагдаж болзошгүй зам давааны нөхцөл байдалд онцгой анхааран иргэдийн зорчих хөдөлгөөнийг боогдуулахгүй байх хэрэгтэй. Отроор яваа малчдын аюулгүй байдлыг хангах, аймаг хоорондын хяналт, уялдаа холбоог анхаарах шаардлагатай” гэлээ.
Энэ өвөл 12 дугаар сараас 2027 оны 2 дугаар сарын хооронд нөхцөл байдал хүндэрч болзошгүй тул малчид эрсдэлээс сэргийлж, аюулгүй байдлаа хангах, хашаа сараавчаа базаах зэргээр мэргэжлийн байгууллагуудтай хамтарч ажиллах нь чухлыг ОБЕГ анхааруулжээ.