Ачаалж байна…
Ачаалж байна…
Буянаа Ламжав

ИСТАНБУЛ, 2026 оны арваннэгдүгээр сарын 17 /Anadolu/. АНУ-ын томоохон банк, санхүүгийн байгууллагуудын цахим үйлчилгээнд саатал гарсны улмаас олон мянган хэрэглэгч банкны үйлчилгээгээ ашиглахад хүндрэлтэй тулгарсан тухай цахим үйлчилгээний доголдлыг хянадаг “Downdetector” цахим хуудас мэдээлжээ.
Хэрэглэгчид “JPMorgan Chase”, “Bank of America”, “U.S. Bank”, “Wells Fargo” банкууд болон “Zelle” төлбөрийн үйлчилгээний системд нэвтрэх, дансны үлдэгдлээ шалгах, мөнгөн гүйлгээ хийхэд хүндрэл учирсан талаар мэдээлсэн байна.
“Downdetector” цахим хуудсанд Лондоны цагаар 18:45 цагийн орчимд “Chase” банкны үйлчилгээтэй холбоотой 4600 гаруй, “Bank of America”-гийн үйлчилгээтэй холбоотой 1500 гаруй гомдол, мэдээлэл бүртгэгджээ.
“Chase” банкны зарим үйлчлүүлэгчид “Зарим үйлчилгээг түр ашиглах боломжгүй байна. Бид асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Та дараа дахин оролдоно уу” гэсэн мэдэгдэл хүлээн авсан байна.
Тус банк “X” нийгмийн сүлжээгээр дамжуулан нэгэн хэрэглэгчийн асуултад хариулахдаа цахим банкны үйлчилгээнд гарсан доголдлыг арилгахаар ажиллаж байгаагаа мэдэгдэж, хэсэг хугацааны дараа дахин оролдохыг зөвлөжээ.
“CNBC” телевизийн мэдээлснээр, нөхцөл байдлын талаар мэдээлэлтэй эх сурвалж уг сааталд гаднын этгээд санаатайгаар нөлөөлсөн гэх шинж тэмдэг илрээгүй гэж мэдэгдсэн байна.
“Downdetector” нь хэрэглэгчдээс ирүүлсэн үйлчилгээний доголдлын талаарх мэдээллийг нэгтгэдэг тул бүртгэгдсэн гомдлын тоо нь сааталд өртсөн нийт хэрэглэгчийн тоог шууд илэрхийлэхгүй юм.
Одоогоор цахим банкны үйлчилгээнд саатал гарсан шалтгаан тодорхойгүй байгаа бөгөөд холбогдох бүх байгууллагын үйлчилгээнд ижил шалтгаанаар доголдол үүссэн гэх нотолгоо гараагүй байна.