Ачаалж байна…
Ачаалж байна…
Batkhuu Begz

Улаангом. 2026 оны арваннэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн Газраас Увс аймагт энэ жил 250 тонн нөөцийн мах бэлтгэх албан даалгавар өгчээ.
Энэ хүрээнд нөөцийн мах бэлтгэн нийлүүлэх аж ахуйн нэгжүүдийг санхүүгийн эх үүсвэрээр дэмжиж хамгийн бага буюу 3 хувийн хүүтэй зээлийн нөхцөл санал болгосон ХААН Банктай хамтран ажиллах гэрээг өчигдөр Увс аймгийн Засаг дарга Э.Насанбат байгууллаа.
Тодруулбал, мах бэлтгэн нийлүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд нийтдээ 5 тэрбум төгрөгийг 3 хувийн хүүтэй зээллэж, чанар, стандартын шаардлага хангасан 250 тонн нөөцийн мах бэлтгэн ирэх хавар худалдаанд гаргах санхүүгийн боломж бүрджээ.
Ингэснээр ирэх хавар махны нийлүүлэлтийг тогтвортой байлгах, үнийн өсөлтөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн хүнсний хэрэгцээг боломжийн үнээр хангах, орон нутгийн махны зах зээлийн үнийн тогтвортой байдлыг хадгалахад чухал үр дүнтэй ажил болох юм байна.
Увс аймаг өнгөрсөн жил нөөцийн мах бэлдээгүй бөгөөд энэ хавар нэг кг үхрийн мах 26 мянга, хонины мах 24 мянга хүрч өссөн юм.
2025 оны хавар “Мон-Тува” компани гэрээний дагуу 200 тн мах нөөцлөн хонь, үхрийн махыг нэг кг-ын 10 мянган төгрөгөөр иргэдэд худалдаалж байсан юм.