Ачаалж байна…
Ачаалж байна…
Баттөмөр Гэрэлт-Од

Эрдэнэбулган, 2026 оны арваннэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Хичээллэе, өрнүүлье, хэвшүүлье” уралдаант аяныг нэг сарын хугацаатай эхлүүлсэн.
11-р сарын 3-наас эхэлсэн энэхүү аяны хүрээнд долоо хоног бүрийн лхагва, пүрэв гарагуудад АРА арена спорт цогцолборт өглөөний 7-8 цагийн хооронд эрүүл мэндийн дасгал хөдөлдгөөн хийж, 30 минутын сургалт, зөвлөгөө өгч байна.
Тодруулбал, хоол тэжээлийн өнөөгийн байдал, өдөрт авах илчлэгээ зөв тодорхойлж сурах, хөдөлгөөний ачааллыг тодорхойлох, өдөрт өөртөө тохируулан тэнцвэртэй хооллох талаар мэдээлэл хүргэж байна.
Энэхүү аян нь ажлын байрандаа удаан сууж, нэг байрлалд ажиллахтай холбоотой биеийн чилээ, булчингийн ачааллыг бууруулах, хөдөлгөөний идэвхийг нэмэгдүүлэх, ажилтны эрүүл мэнд, ажлын бүтээмж, сэтгэл зүйн таатай орчныг дэмжихэд чиглэж байгаа юм.
Аймгийн БТСГ, ЭМГ-тай хамтран албан хаагчдын дунд судалгаа явуулж, уриалга гаргасан байна.
Үүнд, 2026 оны эхний хагаст аймгийн ААНБ-ын албан хаагчдын хоол тэжээлийн байдлыг үнэлэхэд эрүүл бус хүнсний хэрэглээ 82.1 хувь, чихэрлэг бүтээгдэхүүний хэрэглээ 72.6 хувь, дасгал хөдөлгөөн огт хийдэггүй 23.8 хувь, долоо хоногт 1-2 удаа хийдэг 54.3 хувьтай гарчээ.
Үүнээс үзэхэд илүүдэл жин болон халдварт бус өвчний эрсдэл өндөр байгааг харж болохоор байна. Ийм албан хаагчдын эрүүл мэндийг дэмжин, эрүүл хооллолт, дасгал хөдлөгөөний мэдлэгтэй болгох цаашлаад дадал хэвшилтэй болгох зорилгоор 21 хоногийн хугацаанд "Чихэр сахараа багасгая" уриалгыг гаргажээ.