Ачаалж байна…
Ачаалж байна…
Adyakhuu Batbazar

ЖЕНЕВ, 2026 оны арваннэгдүгээр сарын 26 /uz.kursiv.media/. Шатрын 2026 оны дэлхийн аварга цолны төлөө халз тоглож буй Энэтхэгийн их мастер Гукеш Доммаражу, Узбекистаны их мастер Жавохир Синдаров нар эхний хоёр өрөгт дараалан хайнцлаа.
Швейцарын Женев хотноо болж буй тус тэмцээний хоёрдугаар өрөг өчигдөр буюу 11 дүгээр сарын 25-нд болж, Гукеш цагаанаар, Синдаров хараар тоглож, ердөө 20 нүүдлийн дараа тэнцээгээр өндөрлөсөн байна. Ингэснээр хоёр өргийн дараах байдлаар онооны харьцаа 1:1 боллоо. Пүрэв гарагт болсон гарааны өрөгт Синдаров цагаанаар, Гукеш хараар тоглож 38 нүүдлийн дараа хайнцсан билээ.
Личесс /Lichess/ шатрын цахим платформын үнэлгээгээр, Гукешийн тоглолтын нарийвчлал буюу оновчтой байдал 97 хувьтай, Синдаровынх 98 хувьтай байжээ. Өөрөөр хэлбэл, хоёр шатарчин хоёулаа алдаа гаргаагүй, анхаарал нь сарниагүй гэсэн үг юм.
Гукеш гарааны шинэ нүүдэл болох 9.Вxe5-ыг сонгосон нь өрсөлдөгчөө гайхшрууллаа. Энэ нүүдэл нь өмнө нь шатрын мастеруудын тэмцээний мэдээллийн санд ганцхан өрөгт л таарч байсан ажээ. Тэрбээр 16.f3 гэсэн нүүдлийг хийхдээ хамгийн их цаг буюу 29 минут зарцуулсан байна.
Өрөг дуусах хүртэл Энэтхэгийн шатарчинд 42 минут 13 секунд, Синдаровт 1 цаг 21 минут 26 секунд үлдсэн байсан бөгөөд тоглолт 1 цаг 56 минут үргэлжиллээ.
Пүрэв гарагт болсон эхний өргийн тухайд, Синдаров цагаанаар тоглож, өрсөлдөгчид Берлиний хамгаалалтыг сонгосон бөгөөд 38 дахь нүүдэлд байрлал гурван удаа давтагдсан тул хайнцсан юм. Энэ тоглолт 3 цаг 37 минут үргэлжилжээ.
Дараагийн III өрөг өнөөдөр орон нутгийн цагаар 15:00 цагт, Улаанбаатарын цагаар 22:00 цагт эхлэх ба Ж.Синдаров цагаанаар тоглоно.
2.5 сая долларын шагналын сантай энэ удаагийн тэмцээнд оролцогчид сонгодог 14 өрөг тоглоно. ФИДЕ-гийн дүрмийн дагуу тухайн өрөгт хожих бүрдээ тухайн шатарчин 200 мянган долларын шагнал авах бөгөөд үлдсэн мөнгийг хоёр шатарчинд тэнцүү хувааж олгох юм.
Дэлхийн аварга цолыг хүртэхийн тулд их мастеруудын аль нэг нь түрүүлж 7.5 оноо авах ёстой. Үндсэн өргүүд дууссаны дараа оноо тэнцсэн тохиолдолд 12 дугаар сарын 12-нд болох нэмэлт тоглолтоор (тай-брейк) дэлхийн аваргыг тодруулна.