Ачаалж байна…
Ачаалж байна…
Narangerel GAA

Есөнбулаг, 2026 оны арваннэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Монгол Улсын иргэний эрх, үүрэг, хариуцлагыг ухамсарласан, эх оронч үзэлтэй, түүх, соёлоо дээдлэн, хууль ёсыг эрхэмлэдэг иргэнийг төлөвшүүлэх зорилгоор “Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол”-ыг арваннэгдүгээр сарын 25-ны өдөр “Мазаалай” театрт зохион байгууллаа.
Ёслолын арга хэмжээнд Есөнбулаг сумын ерөнхий боловсролын сургуулиуд болон Мэргэжлийн боловсролын сургуулийн Монгол Улсын 16 нас хүрч, иргэний үнэмлэхээ гардан авч буй 150 гаруй хүүхэд, залуучууд оролцлоо. Тэд Монгол Улсын иргэн болсны эрхэм хүндтэй мөчөө тэмдэглэн, эх орон, ард түмэн, үндэсний өв соёлоо дээдлэх, иргэний эрх, үүрэг, хариуцлагаа ухамсарлах андгай өргөсөн юм.
Агдгай өргөх ёслолд аймгийн Засаг даргын орлогч Э.Энхнаран, Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын дарга С.Цагаанбаатар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дарга Б.Алтайбаатар, Боловсролын газрын дарга Д.Энхцэцэг нар оролцож, ирээдүй хойч үе болсон хүүхэд, залуучуудад хүндэтгэл үзүүлэв.
Мөн Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгын уран бүтээлчид “Алтай магтаал”-ыг хайлж, Нэгдүгээр сургуулийн сурагч Т.Мөнгөндолгион ая дууны өргөл өргөн, ёслолын арга хэмжээнд үндэсний өв соёл, урлагийн өнгө нэмлээ.
Энэ үеэр аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дайчилгааны офицер Г.Мөнхбаяр “Эх оронч үзэл – Тусгаар тогтнол” сэдвээр илтгэл танилцуулж, эх оронч үзэл, үндэсний тусгаар тогтнолын үнэ цэнэ, иргэн бүрийн хүлээх үүрэг, хариуцлагын талаар мэдээлэл өгсөн юм.
Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол нь залуу үеийнхэнд үндэсний ухамсар, эх орноороо бахархах үзэл, нийгмийн хариуцлагыг төлөвшүүлж, эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах хүсэл эрмэлзлийг бэхжүүлэх ач холбогдолтой үйл ажиллагаа боллоо.