Ачаалж байна…
Ачаалж байна…
Дэлгэрцэцэг Дээгий

Даланзадгад, 2026 оны арваннэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн Политехник коллеж Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл болон Австри улсын Үндэстэн дамнасан дээд боловсролын магадлан итгэмжлэлийн холбооны хамтарсан үнэлгээнд амжилттай хамрагдаж, олон улсын магадлан итгэмжлэлийн гэрчилгээгээ гардан авлаа.
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Өмнөговь аймаг дахь Технологийн дээд сургуулийн харьяа тус коллеж нь мэргэжлийн болон техникийн боловсролын салбарт 63 жилийн түүхтэй бөгөөд бүс нутгийн хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн мэргэжилтэн бэлтгэж иржээ.
Тус сургууль сургалтын чанар, байгууллагын удирдлага, сургалтын орчин, чанарын дотоод баталгаажуулалтын тогтолцоогоо олон улсын шалгуурын дагуу үнэлүүлсэн бөгөөд 2026-2031 онд олон улсын магадлан итгэмжлэлтэй боловсролын байгууллагын жагсаалтад багтсан байна.
Тус коллеж нь 63 гаруй жилийн хугацаанд 12 мянга гаруй мэргэжилтэй ажилтан бэлтгэн төгсгөж, уул уурхай, барилга, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, үйлчилгээний салбарын хүний нөөцийг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулжээ. Өнөөдрийн байдлаар хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй, тэргүүлэх мэргэжлийн 28 хөтөлбөрөөр сургалтын үйл ажиллагаа явуулж байна.
Өмнөговь аймаг уул уурхайн үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж буй бүс нутаг. Иймд үйлдвэрлэлийн салбарын хэрэгцээ, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн мэргэжилтэн бэлтгэх нь бүс нутгийн эдийн засгийн тогтвортой хөгжилд чухал ач холбогдолтой юм.
Олон улсын үнэлгээнд тэнцсэнээр сургалтын чанараа тасралтгүй сайжруулах, олон улсын сайн туршлага нэвтрүүлэх, төгсөгчдийн мэргэжлийн ур чадварын үнэлэмжийг нэмэгдүүлэх, ажил олгогчдын итгэлийг бэхжүүлэх боломж бүрдэж байна.