Ачаалж байна…
Ачаалж байна…
Aidos Shynai

Өлгий, 2026 оны арваннэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Өнөөдөр аймгийн Засаг даргын зөвлөлийн хурал болж, 2026-2027 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явц, хэрэгжилтийн талаар хэлэлцлээ.
Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 286 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын холбогдох захирамжийн хүрээнд аймгийн хэмжээнд өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой ажлуудыг хийж, хэрэгжүүлж байна.
Бэлтгэл ажлын хүрээнд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар болон сумдын удирдлагуудад өвөлжилтийн бэлтгэлийг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах, малын тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэх, отор нүүдлийг зохион байгуулах, мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх үүрэг чиглэл өгчээ.
Мөн аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг 2026 оны 10 дугаар сарын 5-15-ны өдрүүдэд сумдад ажиллаж, өвөлжилтийн бэлтгэл ажлын хэрэгжилтэд хяналт, шалгалт хийжээ.
Хяналт шалгалтаар сумдын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил, мал аж ахуйн өвөлжилтийн ерөнхий нөхцөл байдал, өвөлжөө, хаваржаа, отрын зохион байгуулалт, хадлан, гар тэжээлийн бэлтгэл, өвс тэжээлийн нөөц, сургууль, дотуур байр, цэцэрлэгийн дулаан, халаалт, засвар үйлчилгээ, түлээ түлш, хүнсний хангамж хэр байгааг хянажээ.
Мөн эрүүл мэндийн байгууллагуудын дулаан хангамж, түргэн тусламжийн автомашины бэлэн байдал, эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц, сумдын дулаан түгээх шугам сүлжээний бэлэн байдал, нүүрс татан авалт, нөөц бүрдүүлэлт зэрэг асуудлыг шалгалтад хамруулжээ.
Энэхүү хяналт шалгалтын дүнг нэгтгэн аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулсан бөгөөд зөвлөлийн хурлаас илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах, өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх талаар холбогдох албан тушаалтнуудад үүрэг чиглэл өглөө.
Аймгийн хэмжээнд өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг бүрэн хангах, төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, малчид, иргэдийн аюулгүй, тогтвортой амьдрах нөхцлийг бүрдүүлэх чиглэлээр хийх ажлууд үргэлжилж байна.