Ачаалж байна…
Ачаалж байна…
Myagmarsuren Byambajaw

Улиастай, 2026 оны арваннэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Завхан аймаг өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээгээр 100 онооноос 40.64 оноо авч, улсын хэмжээнд 21 аймгаас 19 дүгээр байрт эрэмбэлэгджээ.
Аймгийн хувьд дэд бүтэц, боловсрол, соёлын зарим үзүүлэлтээр өндөр үнэлгээ авсан бол эдийн засгийн төрөлжилт, засаглалын үр ашиг, бизнесийн орчны үзүүлэлтүүдээр доогуур байр эзэлсэн байна.
Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв 2012 оноос хойш Монгол Улсын 21 аймгийн өрсөлдөх чадварыг нэгдсэн аргачлалаар харьцуулан үнэлж, жил бүр тайлагнаж байна. Судалгаанд эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэсэн дөрвөн үндсэн хүчин зүйлийг хамруулдаг бөгөөд албан ёсны статистик мэдээлэл болон бизнес эрхлэгчдийн санал асуулгад тулгуурлан үнэлдэг юм.
Тайлангийн дүнгээр Завхан аймаг эдийн засгийн тамир тэнхээний үзүүлэлтээр 28.11 оноо авч 20 дугаар байр, засаглалын үр ашгаар 29.18 оноо авч 21 дүгээр байр, бизнесийн үр ашгаар 32.19 оноо авч 19 дүгээр байрт эрэмбэлэгджээ. Харин дэд бүтцийн үзүүлэлтээр 57.83 оноо авч наймдугаар байрт жагссан байна.
Дэд хүчин зүйлсийн үнэлгээгээр боловсрол, соёлын үзүүлэлтээр улсын хэмжээнд нэгдүгээр байр, санхүүгийн үзүүлэлтээр дөрөвдүгээр байр эзэлсэн нь онцлог байв. Мөн нийгмийн тогтолцоо, эрүүл мэнд, хүрээлэн буй орчны үзүүлэлтээр 10 дугаар байрт эрэмбэлэгджээ.
Түүнчлэн сургуулийн өмнөх боловсрол, соёлын төвийн хүртээмжээр нэгдүгээр байр, хүн амын ачаалал болон хадгаламжийн үлдэгдлээр хоёрдугаар байр, цахилгааны хангамжтай холбоотой зарим үзүүлэлтээр эхний байруудад жагссан байна.
Харин эдийн засгийн төрөлжилт, аж үйлдвэр, барилгын салбарын хөгжил, амьжиргааны түвшин, аймгийн төсвийн удирдлага, төрийн цахим үйлчилгээ, бизнесийн таатай орчин, компаниудын цахимжилтын үзүүлэлтээр 21 дүгээр байрт эрэмбэлэгджээ. Мөн институцийн тогтолцоо, менежментийн хэв маягийн үзүүлэлтүүдэд анхаарах шаардлагатайг судалгааны дүн харуулж байна.
Тайланд дурдсанаар Завхан аймгийн эдийн засгийн төрөлжилт, хувийн хэвшлийн хөгжил, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны орчин, хөдөлмөр эрхлэлт, бүтээмжийг нэмэгдүүлэх нь өрсөлдөх чадварыг тодорхойлох чухал хүчин зүйл болж байна.
Ийнхүү 2026 оны судалгаагаар Завхан аймаг боловсрол, соёл, дэд бүтцийн зарим үзүүлэлтээр харьцангуй өндөр үнэлгээ авсан ч эдийн засгийн идэвхжил, бизнесийн орчин, засаглалын үр ашгийг сайжруулах шаардлагатай байгаа нь харагдаж байна.
Эх сурвалж: Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв. “Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан-2026”