Ачаалж байна…
Ачаалж байна…
Batkhuu Begz

Улаангом. 2026 оны арваннэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Увс аймгийн 14 сумын суурьшлын бүсэд баавгай орж ирсэн тухай 41 удаагийн дуудлага өнгөрсөн есдүгээр сарын 6-наас энэ сарын 18-ны хооронд бүртгэгджээ.
Энэ талаар аймгийн Байгаль орчны газрын мэргэжилтэн М.Төгөлдөрөөс тодруулахад, Тэс, Зүүнговь, Зүүнхангай, Цагаанхайрхан, Хяргас, Баруунтуруун зэрэг 14 сумын суурьшлын бүсэд баавгай орж ирсэн бөгөөд одоогоор 10 баавгайг устгаж, иргэдийн аюулгүй байдлыг хангасан байна.
Хамгийн сүүлд энэ сарын 17-нд Улаангом сумын Нэгдүгээр багийн нутаг, Огзомын адаг гэх газарт баавгай орж ирсэн тухай дуудлага иржээ. Одоогоор эрлийн баг тухайн газарт ажиллаж, баавгайг аюулгүй болгохоор хайж байгаа аж.
Баавгай суурьшлын бүсэд орж ирсэн 14 суманд тус бүр ажлын хэсэг байгуулж, нийт 148 төрийн албан хаагчийг ажиллуулсан байна. Харин баавгай устгасан асуудлыг аймгийн Цагдаагийн байгууллага шалгаж, прокурорын байгууллагын тогтоолын дагуу эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзжээ.
Өндөрхангай сумын суурьшлын бүсэд орж ирсэн хоёр баавгайн бамбаруушийг барьж, Хан Хөхийн нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутгийн Арцадын ар хэмээх газарт хүргэн, байгальд нь буцаан тавьжээ. Мөн эх болон эзэмшил нутгаа хайж яваа бамбарууш, залуу баавгайг авран хамгаалж, өөр нутагт шилжүүлэн нутагшуулах ажил хийж байгааг аймгийн Байгаль орчны газрын мэргэжилтэн М.Төгөлдөр ярилаа.
Түүнчлэн иргэд, малчдад өвлийн идэш бэлтгэх үеэр гарсан малын сэг зэмийг ил задгай орхихгүй, дарж булшлахыг зөвлөжээ. Учир нь ил задгай сэг зэм нь баавгайг суурьшлын бүс рүү татах нэг шалтгаан болдог байна.