Ачаалж байна…
Ачаалж байна…
Montsame News Agency

Жаргалант, 2026 оны арваннэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор “Start up-2026” гарааны бизнесийг дэмжих хөтөлбөрийг хоёр дахь удаагаа зохион байгуулжээ.
Тус үйл ажиллагааны хүрээнд аймгийн төв болон хөдөөгийн таван сумаас 17 иргэн бизнес санаагаа танилцуулсны тав нь цахимаар оролцов. Үүнээс шилдэг дөрвөн төслийг шалгаруулж, 15 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн байна.
Тодруулбал, Манхан сумаас оролцогч Э.Тунгалагийн “Амтат талх, нарийн боов, бялуу” төсөл тэргүүлж, 5 сая төгрөгийн буцалтгүй дэмжлэг авсан бол Жаргалант сумаас оролцогч Л.Ундрахцэцэгийн “Энгийн, Эрүүл, Ээлтэй” эсгий урлан, эко саван төсөл дэд байрт шалгарч 4 сая төгрөгийн буцалтгүй дэмжлэг авлаа. Мөн Алтай сумаас оролцогч Б.Батзаяагийн “Сур, суран эдлэл” төсөл, Жаргалант сумаас оролцогч Ц.Нансалмаагийн “Аарцан амттан” эко бүтээгдэхүүний төсөл гуравдугаар байр эзэлж, тус бүр 3 сая төгрөгийн буцалтгүй дэмжлэг авчээ.
Цаашид хөтөлбөрийг жил бүр хэрэгжүүлж, иргэдийг төсөл боловсруулах арга зүйгээр хангах, шинэ санааг хөгжүүлэх, шаардлагатай эх үүсвэртэй холбон зуучлах, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг борлуулах чиглэлээр Ховд аймгийн ЗДТГ, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвөөс хамтран ажиллахаа илэрхийлэв.