Ачаалж байна…
Ачаалж байна…
Montsame News Agency
НЬЮ-ЙОРК, 2026 оны арваннэгдүгээр сарын 14 /TASS/. Сар, Ангараг гараг руу жолоодлогот нислэг үйлдэх зориулалтаар зохион бүтээж буй “Starship” сансрын хөлгийн дэлхийг тойрох туршилтын нислэгийг эхлүүлжээ. Уг пуужинг зохион бүтээгч “SpaceX” компани нислэгийг “X” нийгмийн сүлжээн дэх хуудсаараа шууд дамжуулж байна.
“Starship” хөлгийг “Super Heavy V3” зөөгч пуужингаар Техас муж улс дахь "Starbase" сансрын хөлгийн буудлаас баасан гарагт орон нутгийн цагаар 16:47 цагт хөөргөжээ.
Туршилтын 15 дахь нислэгийн үеэр “Starship” хөлөг дэлхийгээс 275 орчим км өндөрт гарч, 22 цагийн хугацаанд дэлхийг 14 орчим удаа тойрно. Мөн нислэгийн явцад “Starlink”-ийн интернэтийн 26 хиймэл дагуулыг тойрог замд оруулах аж.
Энэ удаагийн нислэгийн гол зорилго нь сансрын хөлөг, зөөгч пуужинг хоёуланг нь хөөргөсөн талбайд буцааж буулган тусгай төхөөрөмжөөр барьж авах оролдлого хийх юм. Тодруулбал, тэдгээрийг эгц босоо чиглэлээр газардахад “Starbase” баазын “Pad 2” хөөргөх талбайн үйлчилгээний цамхгийн тусгай манипулятор буюу механик гараар барьж авахаар төлөвлөжээ.
“Энэ удаагийн нислэгээр "Starship" хөлөг болон "Super Heavy" зөөгч пуужинг хоёуланг нь хөөргөсөн талбайд нь буцаан буулгаж, барьж авах анхны оролдлогыг хийнэ. Хэрэв бүх зүйл төлөвлөсний дагуу болбол пуужинг хөөргөж, сансрын тойрог замд ажиллаад буцан газардах бүх үйл явцыг бүрэн гүйцэд харуулж чадна” гэж “SpaceX” компани мэдэгдсэн байна.
“Starship” хөлгийг дэлхий орчмын тойрог замд нислэг үйлдэх, сансрын нисгэгчдийг Сар, Ангарагт төдийгүй түүнээс алсад илгээх зорилгоор зохион бүтээжээ. Тус хөлөгт зориулж 33 хөдөлгүүр бүхий олон удаа ашиглах зориулалттай, хэт хүнд даацын “Super Heavy” зөөгч пуужинг бүтээсэн байна. “Super Heavy” зөөгч пуужингийн хүчин чадал нь НАСА-гийн Сар луу жолоодлогот нислэг үйлдэхэд зориулан бүтээсэн “Space Launch System” (SLS) хүнд пуужингийнхаас хоёр дахин их аж.
“Starship” пуужинг өмнө нь нийт 14 удаа туршсанаас ес нь амжилттай болсон байна. Хамгийн сүүлд есдүгээр сарын 28-нд туршжээ.