Ачаалж байна…
Ачаалж байна…
Montsame News Agency

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. ЦУОШГ-ын өглөөний мэдээллээр монгол орны нийт нутгийн 80 гаруй хувь цастай байна.
Цас хамгийн ихээр орсон Увс аймгийн Цагаанхайрхан суманд 41 см, Завхан аймгийн Баянтэс суманд 30 см, Тэс суманд 28 см, Сонгинод 27 см, Түдэвтэй, Баянхайрханд 22 см, Сэлэнгэ аймгийн Мандалд 20 см, Улаанбаатар хот орчмоор 5-13 см зузаан цастай байна. Өнгөрсөн оны 11 дүгээр сарын эцэс гэхэд нийт нутгийн 75 хувь нь цастай байсан юм.
ЦУОШГ-ын 1975 оноос хойш хийсэн цасны ажиглалтын мэдээлээр, 2023-2024 оны өвөл сүүлийн 49 жилд ажиглагдаагүй хамгийн их цас оржээ. Тухайлбал, 2023 оны 12 дугаар сард олон жилийн дунджаас 1.9 дахин, 2024 оны 1, 2 дугаар сард олон жилийн дунджаас 2 дахин их цас орж, нийт нутгийн 90 гаруй хувь нь цастай байв.
Хамгийн их цас унаж, хохирол учруулсан нь 1944–1945 оны өвөл бөгөөд тухайн үед 11 дүгээр сараас дараа оны 3 дугаар сар хүртэл цас их орж, хэт хүйтэрснээс цагаан зуд нүүрлэн, нийт мал сүргийн гуравны нэг орчим нь буюу 8.2-9.2 сая толгой мал хорогдож, хамгийн хүнд байгалийн гамшиг болсныг тэмдэглэжээ.