Ачаалж байна…
Ачаалж байна…
Adyakhuu Batbazar

РОМ, 2026 оны арваннэгдүгээр сарын 21 /ТАСС/. Италийн Турин хотод болж буй Мэргэжлийн теннисчдийн холбооны /АТР/ улирлын Хаалтын тэмцээний хэсгийн шатны III тойргийн тоглолтод Оросын теннисчин Даниил Медведев АНУ-ын тамирчин Фрэнсис Тиафо-г 6:3, 6:4 харьцаагаар хожсоноор хагас шигшээд шалгарлаа.
Одоо тэрбээр дэлхийн чансааг тэргүүлж буй Германы теннисчин Александр Зверевтэй тоглох бол хагас шигшээгийн нөгөө тоглолтод Испанийн Карлос Алькарас АНУ-ын Бен Шелтонтой учраа таарчээ. Тоглолтууд өнөөдөр болно.
А.Медведев ийнхүү улирлын Хаалтын тэмцээний хэсгийн шатнаас дөрөв дэх удаагаа шалгарч байна. Өдгөө 30 настай тэрбээр ATP холбооны чансаанд тавдугаарт бичигдэж байгаа юм. Их дуулгын тэмцээнүүдийн финалд 5 удаа шалгарч байсан Оросын теннисчин 2021 оны US Open тэмцээнд түрүүлжээ.
Өдгөө 28 настай Тиафо дэлхийн чансааны 8 дугаарт бичигдэж байна. Тэрбээр ATP холбооны ивээл дор болдог тэмцээнүүдийн ганцаарчилсан төрөлд 4 удаа түрүүлж, Их дуулгын тэмцээнүүдийн хагас шигшээд 3 удаа шалгарч байв.
Энэ улирлын Хаалтын тэмцээн Италийн Турин хотноо энэ сарын 16-22-нд хатуу гадаргуутай талбайд болж байгаа бөгөөд 2025-2026 оны улиралд хамгийн олон оноо авсан 8 шилдэг теннисчин ганцаарчилсан төрөлд өрсөлдөж байна. Өнгөрсөн онд аваргалсан Италийн Янник Синнер өвдөгний гэмтлийн улмаас энэ удаагийн тэмцээнд оролцсонгүй.
Оросын теннисчдээс Николай Давыденко (2009), Даниил Медведев (2020) нар тус тэмцээнд түрүүлж байв.