Ачаалж байна…
Ачаалж байна…
Лхагвасүрэн Отгонбаатар

Дархан, 2026 оны арваннэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Сургууль орчмын бүсэд худалдаалагдаж буй хүнсний бүтээгдэхүүнд төлөвлөгөөт бус хяналтыг хийжээ. "Хүүхдийн төлөө- Хүнсний аюулгүй байдалд за гэж хэлье” аян, аймгийн Хүүхдийн нэгдсэн чуулганаас гарсан саналын дагуу зохион байгуулсан аж.
Энэ хүрээнд Хүнс, хөдөө аж ахуйн газар, Эрүүл мэндийн газраас хамтран аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй сургуулийн орчмын бүсэд үйл ажиллагаа явуулдаг зах, худалдааны төв, хүнсний дэлгүүр, түргэн хоолны газруудад төлөвлөгөөт бус хяналт, шалгалтыг хийсэн байна.
Мөн сурагчдын хооллолтын дадал хэвшлийн талаар 11-17 насны 772 сурагч судалгаанд хамрагджээ.
Эдгээр сурагчдын 45.7 хувь нь хичээлийн их завсарлагааны цагаар хүнсний дэлгүүрээс бүтээгдэхүүн худалдан авч хэрэглэдэг. Дэлгүүрээс хүнс худалдан авч хэрэглэдэг сурагчдын 57 хувь нь ширхгийн хоол сонгодог гэсэн байна. 20 хүрэхгүй хувь нь гэрээсээ өдрийн хоолоо хааяа бэлтгэж ирдэг байна.
Хяналт шалгалтын хүрээнд сургуулийн орчимд худалдаалагдаж буй бэлэн болон түргэн хоолны 11 бүтээгдэхүүнийг 44 үзүүлэлтээр аймгийн Стандарт, хэмжилзүйн хэлтэст лабораторийн шинжилгээнд хамруулахаар хүргүүлсэн бөгөөд одоогоор шинжилгээний хариу гараагүй байна.
Хүүхдийн эрүүл мэнд, өсөлт хөгжилд зөв зохистой хооллолт чухал нөлөөтэй. Иймд эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ өдөр тутмын хооллолтод анхаарч, шим тэжээлтэй, аюулгүй хүнс хэрэглэх зөв дадлыг төлөвшүүлэхийг эрүүл мэндийн байгууллагаас уриалж байна.