Ачаалж байна…
Ачаалж байна…
Montsame News Agency

Баян-Өндөр, 2026 оны арваннэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Аймгийн Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар болон Баян-Өндөр сумын Соёлын төвөөс зарласан “Хүмүүн бичигтэн” аймгийн уралдааны шилдгүүд тодорлоо.
Уралдаанд 12 сумаас 50 гаруй оролцогч үндэсний бичгээр хичээнгүй бичсэн бүтээлээ ирүүлжээ. Бүрд, Хархорин, Баянгол сумын оролцогчид хамгийн олон бүтээлээр оролцсон байна. Түүнчлэн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид идэвхтэй оролцож, монгол бичгээр зөв, цэвэр, уран бичих чадвар хүүхэд, залуучуудын дунд нэмэгдэж байгааг зохион байгуулагчид онцоллоо.
Уралдааны тэргүүн байрт Хархорин сумын 2 дугаар сургуулийн монгол хэл, уран зохиолын багш Д.Дашдуламын бүтээл шалгарч, Хархорин сумын Орхон сургуулийн 8в ангийн сурагч О.Барсболд, Төгрөг сумын ЕБС-ийн монгол хэл, уран зохиолын багш О.Отгонбаяр нар дараах байруудыг эзэллээ.
Уралдаанд оролцогчид их зохиолч Д.Нацагдоржийн “Түүхийн шүлэг” бүтээлийг үндэсний бичгийн зурлага, тигийн дагуу үг, үсгийн алдаагүй, хичээнгүй бичиж ур чадвараа сорьжээ.