Ачаалж байна…
Ачаалж байна…
Montsame News Agency

Улиастай, 2026 оны арваннэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Завхан аймагт 2027 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр есөн төсөл эхлүүлж, өмнөх онуудаас үргэлжлэн хэрэгжих төслүүдтэй нийлээд нийт 33 төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Хөрөнгө оруулалтыг эрүүл мэнд, боловсрол, соёл, спортын салбарын барилга байгууламж, авто зам, гүүр, эрчим хүч, дулаан хангамж, үерийн хамгаалалт болон ногоон байгууламжийн бүтээн байгуулалтад чиглүүлэхээр тусгасан талаар Завхан аймгийн ИТХ-ын Ажлын албанаас мэдээллээ.
Шинээр хэрэгжүүлэх төслүүдээс Улиастай-Ховд чиглэлийн хатуу хучилттай авто замын эхний үе шат, Нөмрөг-Улаангом чиглэлийн А18 авто замаас Арцсуурь боомт хүртэлх авто замын үргэлжлэл, Улиастай сумаас Богдын гол чиглэлийн 7.7 км авто зам, Тосонцэнгэл сумын төвийн хатуу хучилттай авто замын бүтээн байгуулалт онцлог юм.
Түүнчлэн Улиастай сумын Жавхлант толгойн тохижилт, ногоон байгууламжийн цогцолбор, Идэр сумын 100 ортой дотуур байр, Яруу сумын 160 хүүхдийн суудалтай сургуулийн барилга, Тэс сум дахь Хилийн цэргийн 0277 дугаар ангийн барилга байгууламжийн шинэчлэл зэрэг төсөл шинээр эхэлнэ.
Үргэлжлүүлэн хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын хүрээнд Улиастай сумын нэгдсэн эмнэлгийн 100 ортой шинэ барилга, Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгийн өргөтгөл, Улиастай сумын сургуулийн барилга, өргөтгөл, цэцэрлэгийн барилга байгууламж, соёлын төвүүдийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэхээр төлөвлөжээ. Мөн Асгат, Улиастай сумын дотуур байр, Отгон сумын спорт заалны барилга багтсан байна.
Инженерийн дэд бүтцийн чиглэлээр Улиастай, Тосонцэнгэл сумын дулаан хангамжийн шугам сүлжээ, дулааны станцын өргөтгөл, шинэчлэл, Тосонцэнгэл-Их-Уул чиглэлийн 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, Улиастай сумын үерийн хамгаалалтын далангийн байгууламжийг хэрэгжүүлэхээр тусгажээ.
Зам, гүүрийн бүтээн байгуулалтын хүрээнд Улиастай сумаас Богдын гол чиглэлийн 60 у/м төмөр бетон гүүр, Ургамал сумын Хүнгүйн голын 72.8 у/м төмөр бетон гүүр, Богд чиглэлийн гүүрийн байгууламж зэрэг төслүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр байна.
Ийнхүү 2027 оны хөрөнгө оруулалтаар аймгийн төв болон сумдын эрүүл мэнд, боловсрол, соёлын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ зам тээвэр, инженерийн дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарсан байна.
Төслүүдийн хэрэгжилт нь батлагдсан төсөв, санхүүжилтийн хуваарь болон худалдан авах ажиллагааны явцаас хамаарах юм.