Ачаалж байна…
Ачаалж байна…
Montsame News Agency

ДУБЛИН, 2026 оны арваннэгдүгээр 13 /Kazinform/. Европын улс төрийн нийгэмлэгийн (European Political Community) ес дэх дээд хэмжээний уулзалт пүрэв гарагт Ирландын нийслэл Дублин хотод эхэлжээ.
Дублин хотын томоохон цогцолборт болж буй уг уулзалтыг Ирландын Ерөнхий сайд Михол Мартин, Европын Зөвлөлийн ерөнхийлөгч Антониу Кошта нар хамтран даргалж байна.
“Европ: хүчирхэг, аюулгүй, харилцан уялдаа холбоо” уриан дор болж буй энэ жилийн уулзалтад Европын Холбооны гишүүн болон гишүүн бус Европын орнуудын төр, засгийн 50 орчим тэргүүн оролцож байна. Тус уулзалтад Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский, Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон, Германы Канцлер Фридрих Мерц, Их Британийн Ерөнхий сайд Энди Бёрнэм, НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте, мөн Канадын Ерөнхий сайд Марк Карни уригдан оролцож байгаа аж. Түүнчлэн Европын Комиссын дарга Урсула фон дер Ляйен зэрэг Европын Холбооны байгууллагуудын удирдлагууд хүрэлцэн иржээ.
Европын улс төрийн нийгэмлэгийг 2022 онд Францын Ерөнхийлөгч Эммануэл Макроны санаачилгаар байгуулсан юм. Энэхүү форматаар Европын Холбооны гишүүн орнууд болон Европын хөрш орнуудын хооронд заавал биелүүлэх шинжтэй баримт бичиг батлахгүйгээр улс төрийн албан бус яриа хэлэлцээ өрнүүлдэг.
Энэ удаагийн уулзалтаар Украины эргэн тойронд үүсээд буй нөхцөл байдалд голлон хэлэлцэхийн зэрэгцээ Европын аюулгүй байдлыг бэхжүүлэх, эдийн засгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, эрчим хүчний хамтын ажиллагаа, инновац, ардчиллыг хамгаалах асуудлыг хэлэлцэж байна.
Ирланд улс Европын Зөвлөлийг даргалах хугацаандаа энэхүү дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулж байна. Энэ нь тус улсын түүхэн дэх хамгийн том дипломат үйл явдал болж байгаа тул аюулгүй байдлыг хангах өргөн хүрээний арга хэмжээ авчээ. Дублин хотын төвд замын хөдөлгөөн, нийтийн тээврийн үйлчилгээнд томоохон хязгаарлалт тогтоосон байна.
Өнөөдөр буюу 11 дүгээр сарын 13-нд Европын Холбооны гишүүн орнуудын төр, засгийн тэргүүн нарын албан бус уулзалт болно. Уулзалтаар хиймэл оюуны асуудлыг төр, засгийн тэргүүн нарын түвшинд анх удаа хэлэлцэхээс гадна Европын аюулгүй байдлын асуудлыг хөндөхөөр төлөвлөжээ.