Ачаалж байна…
Ачаалж байна…
Montsame News Agency

ВАШИНГТОН/НЬЮ-ЙОРК, 2026 оны арванэгдүгээр сарын 16 /Reuters/. АНУ-ын агаарын тээврийн саатал ням гарагт гурав дахь өдрөө үргэлжилж, 10 мянга гаруй нислэгт нөлөөлжээ. Тус улсын Тээврийн сайд Шон Даффи нислэгүүд даваа гараг гэхэд хэвийн горимд шилжинэ гэж найдаж байгаагаа илэрхийлсэн бол агаарын тээврийн компаниуд орон даяар нислэгүүдийг түр зогсоосны дараа хуваарьт нислэгүүдээ хэвийн үргэлжлүүлэхээр хүчин чармайлт тавьж байна.
Нислэгийн мэдээллийн "FlightAware" сайтад мэдээлснээр, ням гарагт улсын хэмжээнд 2 300 гаруй нислэг цуцлагдаж, 7 700 орчим нислэг хойшлогдсон байна. Харин бямба гарагт агаарын тээврийн компаниуд 6 400 гаруй нислэгийг цуцалж, 8 000 гаруй нислэгийг хойшлуулжээ.
Ш.Даффи ABC телевизийн "This Week" хөтөлбөрт оролцохдоо кибер халдлага эсвэл санаатай хорлон сүйтгэх ажиллагаа явуулснаас үүдсэн гэх нотолгоо байхгүй гэж мэдэгдээд, доголдлын шалтгааныг одоогоор тогтоогүй байгааг дурджээ. Нислэгүүд ням гарагт "хэвийн горимдоо орж, харин даваа гарагт бүрэн хэвийн болно" гэж тэрбээр хэлээд, Холбооны Нисэхийн захиргаа (FAA) зорчигчдын аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарч байгааг онцолсон байна.
Ням гарагт "JetBlue" компанийн нислэгүүдийн 28 хувь, "American Airlines"-ийн нислэгүүдийн 17 хувь нь цуцлагдсан бол "United Airlines", "Southwest", "Delta" компаниуд нийт нислэгийнхээ 3-5 хувийг цуцалжээ.
Баасан гарагт FAA улс даяар нислэгүүдийг зогсоох шийдвэр гаргаснаар бүх хөөрөх нислэг үндсэндээ бүгд таван цаг орчим саатжээ. Ингэснээр 2001 оны есдүгээр сарын 11-нд "Аль-Каида" бүлэглэлийн үйлдсэн халдлагаас хойш тус улсын агаарын тээвэр орон даяар ийм удаан хугацаагаар зогссон анхны тохиолдол болсон байна.
Албаны хүмүүсийн мэдээлснээр, FAA-гийн гэрээт гүйцэтгэгч "L3Harris" компани алслагдсан нэгэн байгууламжид дор хаяж нислэг чиглүүлэгч нэг шинэ төхөөрөмж (router) суурилуулснаас үүдэн нислэгийн хөдөлгөөний удирдлагын бусад төвүүдэд их хэмжээний өгөгдөл нэгэн зэрэг ирж, системийн ачаалал нэмэгдсэний улмаас холбооны систем доголдсон байна.
Арканзас муж улсын Эль-Дорадо хот дахь FAA-гийн байгууламжийн нислэг чиглүүлэгчийг сольсон нь Техас муж улсын Амарилло хотод саяхан сольсон нислэг чиглүүлэгчид доголдол үүсгэж, улмаар улс даяарх нислэгийн хөдөлгөөний удирдлагын бусад төвүүдийн төхөөрөмжүүд рүү тасралтгүй дохио дамжуулан хэт ачаалал үүсгэсэн гэж Даффи ням гарагт мэдэгджээ.
FAA ням гарагт мэдэгдэхдээ "асуудал үүсгэсэн нислэг чиглүүлэгч төхөөрөмжүүдийг унтраасан бөгөөд нислэгийн хөдөлгөөний удирдлагын систем дэх ийм 60 орчим чиглүүлэгчид мөн адил арга хэмжээ авсан" гэсэн байна. Гэсэн хэдий ч өмнө нь олон мянган удаа ямар ч асуудалгүй хийгдэж байсан техникийн засвар үйлчилгээний явцад чухам юунаас болж ийм доголдол гарсныг одоог хүртэл тогтоож чадаагүй байгааг Ш.Даффи дурдсан байна.