Ачаалж байна…
Ачаалж байна…
Jargal D

АНТАЛЬЯ, 2026 оны арваннэгдүгээр сарын 23 /BBC/. Туркийн Анталья хотод болсон Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын бага хурлын (COP31) оролцогчид эцсийн тунхаглал баталж чадалгүй чуулганаа өндөрлүүллээ. Оролцогч талуудын байр суурийг ойртуулах зорилгоор хоёр өдрийн турш хэлэлцээ хийсэн хэдий ч чулуужсан түлшнээс татгалзахыг уриалах, хөгжиж буй орнуудад нөхөн олговор олгох үүрэг амлалт тусгах эсэх асуудлаар харилцан буулт хийж чадсангүй.
“Антальягийн тохиролцоо” хэмээн нэрлэхээр төлөвлөж байсан хэлэлцээрийн төсөлд газрын тос, байгалийн хий, нүүрсний хэрэглээг бууруулах тухай шууд уриалгыг тусгаагүй нь зөвшилцөлд хүрэхэд гол саад болсон байна. Европын хэд хэдэн улс, Панам, Вануату болон Маршаллын арлууд үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж мэдэгджээ.
“Уур амьсгалын өөрчлөлтийн гол шалтгаан болж буй чулуужсан түлшний талаар огт дурдаагүй тунхаглалыг бид дэмжихгүй. Мөн чулуужсан түлшний байгаль орчинд үзүүлэх нөлөөг “гринвошинг” /экологийн хувьд ээлтэй мэтээр харагдуулах/ хийж буй ийм бага хурлыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж Европын Холбоог одоо даргалж буй Ирландын Уур амьсгалын асуудал хариуцсан сайд Дарра О'Брайен мэдэгдсэн байна.
Уламжлалт түлшний хэрэглээг бууруулах үүрэг амлалтыг Саудын Араб тэргүүтэй газрын тос экспортлогч орнуудын бүлгийн шаардлагаар тунхаглалд тусгаагүй аж. Саудын Арабын төлөөлөгчид агаар мандлаас нүүрстөрөгчийг ялгаж авах технологийг нэвтрүүлэх үүрэг амлалтыг баримт бичигт тусгахыг шаарджээ.
“Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд боломжтой бүх шийдлийг хэрэглэх шаардлагатай гэж бид үзэж байна” хэмээн Саудын Арабын төлөөлөгч Мохамед Аюб мэдэгдсэн байна. Харин түүний байр суурийг эсэргүүцэгчид үүнийг газрын тос, байгалийн хий, нүүрсний олборлолтыг одоогийн түвшинд нь үргэлжлүүлэхийн зэрэгцээ нүүрстөрөгчийн давхар ислийг агаараас ялган авч, газрын гүнд хадгалах өндөр өртөгтэй технологийг бусдад тулгах гэсэн оролдлого хэмээн үзсэн байна.
Харин хөгжиж буй орнуудын бүлэг, ялангуяа Африкийн орнуудын төлөөлөгчид хүлэмжийн хий бага ялгаруулдаг атлаа уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн ихээр өртөж буй орнуудад учирсан хохирлыг нөхөн төлөх зорилгоор 120 тэрбум ам.долларын сан байгуулах үүрэг амлалтыг тунхаглалын төсөлд тусгаагүйд дургүйцлээ илэрхийлсэн байна.
Уулзалтад оролцсон 200 шахам орны бүлгүүдийн хооронд зуучлах үүрэг гүйцэтгэсэн Австралийн төлөөлөгч Крис Боуэн оролцогчдын байр суурь “хэн ч давж гарах боломжгүй улаан шугам”-аар зааглагдсан байсан гэж дүгнэжээ.
Тэрбээр мэлэгдэхдээ, зөвшилцөлд хүрэхийн төлөө марафон мэт үргэлжилсэн хэлэлцээнд оролцогчид хүлээцтэй байсныг сайшаагаад, “энэ удаагийн бага хурал эхлэх үеийн нөхцөл байдал нь өнөө үед амьдарч буй хүн бүрийн ой санамжид үлдэх хамгийн ээдрээтэй, эмзэг хэлэлцээний орчин байлаа” гэжээ. Австралийн сайд Ираны эсрэг эхлүүлсэн АНУ-ын дайны улмаас түлшний хомсдол үүсэж, Булангийн орнуудаас газрын тос экспортлоход саад тулгарсан нөхцөл байдлыг хэлсэн бололтой.
“Өмнө нь зарим хүний үг хэллэгийг баримт бичигт тусгах эсэхээс үүдсэн маргаан энэ удаад давж болохгүй улаан шугам болж хувирлаа” гэж К.Боуэн хэлжээ.
Хамгийн сүүлд 2009 онд Копенхаген хотод болсон бага хурал зөвшилцөлд хүрч чадалгүй өндөрлөж байжээ. Энэ удаагийн бага хурал үр дүнгүй өндөрлөсөн нь улс орнуудын олон эвслийг ийм хэмжээний олон талт уулзалтууд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд бодит ахиц гаргаж чадах эсэхэд эргэлзэхэд хүргэв. Энэ оны дөрөвдүгээр сард 60 орчим улс чулуужсан түлшний хэрэглээнээс үе шаттайгаар татгалзах асуудлаарх анхдугаар уулзалтад оролцсон бол Антальяд болсон бага хурлын үеэр хэд хэдэн улс нүүрс, газрын тос, байгалийн хийн хэрэглээг зогсоох төлөвлөгөөгөө танилцуулжээ.
Талуудын маргааны улмаас нэгэн чухал баримтыг хүлээн зөвшөөрөх явдал анхаарлын гадна шахам үлдлээ. Тодруулбал, 11 жилийн өмнө Парисын бага хурлаар баталсан дэлхийн дулаарлыг Цельсийн 1.5 хэмээс хэтрүүлэхгүй байх зорилт биелэхгүй нь тодорхой болсон тухай юм.
2015 онд баталсан төлөвлөгөөний дагуу чулуужсан түлш шатааснаас үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж чадахгүй байгаа учраас дэлхий дахин хэдхэн жилийн дараа уг босгыг давах үе шатанд орно гэдгийг эрдэмтэд анхааруулаад байгаа билээ.