Ачаалж байна…
Ачаалж байна…
Баттөмөр Гэрэлт-Од

Эрдэнэбулган, 2026 оны арваннэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн музейн “Алдрын танхим”-д Монгол Улсын Шадар сайд асан, УИХ-ын гишүүн, төр, нийгмийн зүтгэлтэн Чойжилсүрэнгийн Пүрэвдоржийн (1948–1998) дурсгалын буланг нээлээ.
Энэхүү буланг “Монгол бахархал-Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд байгуулж, үндэсний бахархал, төрт ёс, түүхэн уламжлал, өв соёлоо эрхэмлэн дээдлэхийн зэрэгцээ Монголын түүхэнд мөрөө үлдээсэн төр, нийгмийн зүтгэлтнүүдийн үйл хэрэг, гавьяаг олон нийтэд таниулах зорилготой юм.
Ч.Пүрэвдорж 1948 онд Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багт төрсөн. Тэрээр боловсрол эзэмшсэнийхээ дараа хөдөлмөрийн гараагаа эрчим хүчний салбараас эхэлж, инженер, удирдах албан тушаал хашиж байгаад төрийн өндөр албанд дэвшин ажиллажээ.
Тэрбээр Монгол Улсын төрийн тогтолцоо өөрчлөгдсөн шилжилтийн он жилүүдэд гурван өөр Засгийн газрын бүрэлдэхүүнд төрийн өндөр алба хашсан юм. Тухайлбал, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Ш.Гунгаадоржийн Засгийн газарт орлогч даргаар ажиллаж байв.
Ч.Пүрэвдорж 1948 онд Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багт төржээ. Шат шатны боловсрол эзэмшиж хөдөлмөрийн гараагаа эрчим хүчний салбарт эхлүүлэн, инженер, удирдах ажилтнаар ажилласан бөгөөд хожим Монгол Улсын төрийн өндөр албан тушаалд зүтгэсэн байна. Харин 1990 оны есдүгээр сараас Ерөнхий сайд Д.Бямбасүрэнгийн тэргүүлсэн Засгийн газарт Шадар сайдаар томилогдон ажилласан байна. 1992 онд шинэ Үндсэн хууль батлагдсаны дараа УИХ-ын гишүүнээр сонгогдож, Ерөнхий сайд П.Жасрайн тэргүүлсэн Засгийн газарт Ерөнхий сайдын орлогчоор ажиллажээ. Улмаар 1993 оны зургаадугаар сарын 1-нээс Монгол Улсын Шадар сайдын албыг хашсан байна
Ч.Пүрэвдорж 1990-1996 онд улсын хэмжээнд гарсан осол, гамшиг, онцгой нөхцөл байдлын үед газар дээр нь ажиллаж, шуурхай арга хэмжээг удирдан зохион байгуулж байжээ. Тухайлбал, Налайхын гүний уурхайн дэлбэрэлт, шар усны үер, Ган-92, Зуд-93, МАРЗ-93, Хөвсгөл-95 онгоцны осол, Гал-96 ой хээрийн түймэр болон малын гоц халдварт өвчний үед ажиллаж, зургаан жилийн турш Улсын онцгой байдлын комиссыг удирдсан байна.
Монгол Улсын Ардын уран зохиолч, Хөдөлмөрийн баатар Пунцагийн Бадарч Ч.Пүрэвдоржид зориулан “Шадар сайд” шүлгээ түүнийг амьд сэрүүн ахуйд нь бичиж, өөрт нь хүргүүлж байжээ. Уг шүлэгт төрийн албаны хүнд ачааг үүрч, ард түмнийхээ итгэл, хүндэтгэлийг хүлээн зүтгэсэн хүний ноён нуруу, хүн чанар, эх орныхоо өмнө хүлээсэн хариуцлагыг уран яруу дүрсэлсэн байдаг. Энэ шүлэг нь Ч.Пүрэвдоржийн амьдрал, үйл хэргийг уран зохиолоор дамжуулан илэрхийлсэн дурсгал болон үлджээ.
Ч.Пүрэвдоржийн Монголын төр, нийгмийн хөгжилд оруулсан хувь нэмэр, түүхэн гавьяаг нь хүндэтгэн, түүний амьдрал, үйл хэргийг төрөлх нутгийнх нь музейн “Алдрын танхим”-д ийнхүү мөнхжүүлж байна. Энэ нь төр, нийгмийн зүтгэлтний үйл хэргийг хойч үед таниулан, дурсгалыг нь өвлүүлэн үлдээх ач холбогдолтой юм.
Дурсгалын буланд дэлгэсэн үзмэрүүдийг түүний гэр бүл, үр хүүхдүүд болон Ч.Пүрэвдоржийн нэрэмжит “Шадар түшээ соёлын элч” сангаас музейд хүлээлгэн өгчээ. Тус сан, музей цаашид соёл, боловсролын чиглэлээр хамтран ажиллаж, шинэ санаачилга өрнүүлэхээр төлөвлөж байна.
Шадар түшээ соёлын элч” сан нь Ч.Пүрэвдоржийн амьдрал, үйл хэргийг олон нийтэд таниулан сурталчлахаас гадна Монголын түүх, соёл, урлаг, боловсрол, олон улсын хамтын ажиллагааг дэмжих, үе үеийнхнийг холбох зорилготой нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага юм.