Ачаалж байна…
Ачаалж байна…
Баттөмөр Гэрэлт-Од
gereltod.battumur@gmail.com

Эрдэнэбулган, 2026 оны арваннэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Хүн бүрийн амьдралд ирээдүйн зам мөрөө сонгох, хүсэл мөрөөдлөө тодорхойлох нэгэн чухал үе байдаг. Миний хувьд тэрхүү сонголт хөдөө аж ахуйн салбартай амьдралаа холбох эхлэл байжээ.
Миний бие 1988 онд Дундговь аймгийн Хөдөө аж ахуйн техникумыг малын бага эмч мэргэжлээр төгсөж, төрсөн нутаг Өвөрхангай аймгийн Бүрд сумандаа малын бага эмчээр ажлын гараагаа эхэлж байлаа. Хожим нь нягтлан бодогч мэргэжил эзэмшсэн хэдий ч анх сонгосон мэргэжил, ажил хөдөлмөртөө үнэнч байж, хөдөө аж ахуйн салбартаа өнөөг хүртэл 28 жилийн хөдөлмөрийн замыг туулжээ. Өнөөдөр эргээд бодоход анх сонгосон мэргэжил минь миний амьдралын зөв сонголт байсныг улам ихээр мэдэрч байна.
Хөдөө аж ахуйн салбар бол Монгол Улсын эдийн засгийн гол тулгуур болсон мал аж ахуй, газар тариалангийн тогтвортой хөгжлийг хангах, хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдлыг баталгаажуулах, жижиг, дунд үйлдвэрлэл, баялаг бүтээгчдийг дэмжих зэрэг улс орны хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг өргөн цар хүрээтэй салбар билээ. Энэ том салбарын хөгжил дэвшлийн үндэс нь орон нутаг, сумын анхан шатны нэгжид ажиллаж буй мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадвар, сэтгэл зүтгэл байдаг гэж би боддог.
Сумын Хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтнүүд нь мал аж ахуй, газар тариалан, хүнсний аюулгүй байдал, үйлдвэрлэл, үйлчилгээний стандарт, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг зээлийн бодлогоор дэмжих, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх гээд олон чиглэлээр мэдлэг, мэдээлэлтэй, өргөн хүрээний ур чадвартай, хөрвөх чадвар бүхий хүмүүс байдаг. Тэдний ажил нь зөвхөн өөрийн хариуцсан чиглэлээр хязгаарлагдахгүй, орон нутгийнхаа хөгжил, иргэдийн амьжиргаа, үйлдвэрлэл эрхлэлтийг дэмжихэд чиглэдэг онцлогтой.
Монгол Улсын тэргүүлэх салбарын нэг болох хөдөө аж ахуйн салбарт, тэр дундаа анхан шатны нэгжид олон жил тасралтгүй ажиллаж ирсэндээ би өөрөөрөө болон мэргэжил нэгт хамт олноороо бахархаж явдаг. Ажил хөдөлмөрийн он жилүүдэд олон хүнтэй уулзаж, олон зүйл сурч мэдэн, туршлага хуримтлуулж, салбарынхаа хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулахыг хичээж ирсэн минь миний амьдралын үнэ цэнтэй он жилүүд байсан.
Эх орныхоо газар нутгийг эзэн ёсоор нь сахин хамгаалж, мал сүргээ өсгөн үржүүлж яваа малчин түмэндээ, хөдөлмөрийнхөө үр шимээр арвин ургац хураан авч буй тариаланч олондоо, үргэлж шинийг санаачлан баялаг бүтээж буй үйлдвэрлэл эрхлэгчдэдээ, салбарынхаа хөгжил дэвшлийн төлөө сэтгэл зүрхээ зориулан ажиллаж буй үе үеийн мэргэжил нэгт хамт олондоо өсөн дэвжих, үржин дэлгэрэхийн өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.