Ачаалж байна…
Ачаалж байна…
Odonchimeg T
sbodnoo6@gmail.com

Баруун-Урт, 2026 оны арваннэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймагт 2027 онд 231.34 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 28 төсөл хэрэгжүүлнэ. Үүнээс 103.14 тэрбум төгрөгийг 2027 оны улсын төсвөөс санхүүжүүлэхээр баталжээ. Эдгээр нь боловсрол, эрүүл мэнд, авто зам, соёл, спорт, инженерийн дэд бүтэц, хүүхэд залуучуудын хөгжил зэрэг салбарыг хамарч байна.
Ялангуяа боловсрол, соёлын салбарын олон жил царцсан болон одоо хэрэгжиж байгаа төслийн төсвийг тусгаснаараа илүү онцлог байна. Мөн ирэх онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Баруун-Урт, Эрдэнэцагаан суманд хамгийн олон ажлыг хийнэ.
Тухайлбал Мөнххаан, Баруун-Урт, Түвшинширээ, Эрдэнэцагаан сумдад сургууль, Уулбаян, Баяндэлгэр, Баруун-Урт, Эрдэнэцагаан сумдад хүүхдийн цэцэрлэг, Халзан суманд сурагчдын дотуур байр, Онгон, Баяндэлгэр суманд соёлын төв, Эрдэнэцагаан суманд спорт заалыг үргэлжлүүлэн барих бол Дарьганга суманд нэгдсэн шугам сүлжээ, Мэргэжлийн боловсролын сургуулийн дотуур байр, Эрдэнэцагаан суманд иргэдэд үйлчлэх нэгдсэн төв, Баруун-Урт суманд гэр хорооллын инженерийн шугам сүлжээ, ахмадын хөгжлийн төв, хүүхдийн ордонг шинээр барихаар тусгажээ.
Мөн Баруун-Урт- Сүхбаатар сум чиглэлийн 61.9 км авто зам болон аймгийн төвийн замын өргөтгөлийг ирэх онд бүрэн дуусгахаар төлөвлөсөн байна.
Сүхбаатар аймгийн хөгжилд чиглэсэн энэхүү хөрөнгө оруулалт нь боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, сумдын зам харилцааг сайжруулах, хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжих, соёл спортын орчныг бүрдүүлэх, гэр хорооллын инженерийн дэд бүтцийг өргөжүүлэхэд чиглэж байна.