Ачаалж байна…
Ачаалж байна…
Мөнхзул Батбаяр
zulaka7089@gmail.com

Баянхонгор, 2026 оны арваннэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Хөгжимт драмын театр арваннэгдүгээр сарыг “Монгол бахархал – Бүтээлч сар” болгон зарлаж, бахархалт уран бүтээлчдийнхээ сор бүтээлүүдийг сэргээн тайзнаа дахин толилуулах ажлыг эхлүүлжээ.
Энэ хүрээнд Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Бадарчийн Батжаргалын хөгжим, Төв халхын нэрт бүжиг дэглээч, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Балжирын Дэлэгдоржийн дэглэлт “Сүргийн дэргэд”, хөгжмийн зохиолч, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Барамсайн Шаравдоржийн хөгжим, Монгол Улсын гавьяат жүжигчин Цэндийн Алтанцэцэгийн дэглэлт “Урианхай” бүтээлүүдийг сэргээн тайзнаа дахин амилуулж, үзэгчдийн хүртээл болгохоор ажиллаж байна.
Монгол хүний үндэсний бахархал, эв нэгдлийг бэхжүүлэх, түүх, соёл, иргэншлийн үнэт өвийг хадгалан хамгаалах, хойч үедээ өвлүүлэн уламжлах, түүхэн үйл явдал, бахархалт хүмүүсийн бүтээл туурвилыг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор тус бүтээлүүдийг сэргээж байгаа юм.
Анх 2 гэртэй, аймгийн Клуб нэртэйгээр 1942 оноос үйл ажиллагаагаа эхлүүлж бол 1958 онд аймгийн клубийг Соёлын ордон болгон өргөтгөж орон тооны 18 жүжигчинтэй, 30 гаруй сайн дурын уран сайханчтай ажиллаж, мөн үеэс дуу, хөгжим, бүжиг, драм, үйлдвэр зохион байгуулах зэрэг мэргэжлийн ангиудтай болжээ. Харин 1977 онд 600 гаруй хүний суудалтай, 80 шахам уран бүтээлчтэй, нийт 110 ажилтантай мэргэжлийн урлагийн байгууллага болсон түүхтэй.
Театрын нээлтээр Төрийн шагналт, УГЗ Бирваа, Рэгсүрэн нарын “Эрдэнэтээлийн уянга” дуурь, “Гурван бүсийн нутаг” концертыг тоглон, аймгийн Соёлын ордон мэргэжлийн урлагийн байгууллага Хөгжимт драмын театр болсноор жинхэнэ мэргэжлийн өнгө аястай болж, хөгжимт драмын чиглэлээр хөгжих үндэс суурийг тавьжээ.
Ирэх онд тус театрын 50 жилийн ой тохионо.