Ачаалж байна…
Ачаалж байна…
Myagmarsuren Byambajaw
migaa0033@gmail.com

Улиастай, 2026 оны арваннэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Завхан аймагт агаар бохирдуулах бодисын ялгаралт 2025 онд 14.4 мянган тоннд хүрч, өмнөх оныхоос хоёр дахин нэмэгджээ. Нийт ялгарлын 68 орчим хувийг том оврын уурын зуух эзэлж байгаа энэ үед агаар бохирдуулагч эх үүсвэрүүдээс авах төлбөрийн хэмжээг тогтоохоор иргэдээс санал авч байна.
Завхан аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн Байгаль орчны шинжилгээний лабораторийн тооллогоор агаар бохирдуулах бодисын ялгаралт 2024 онд 6763.5 тонн байсан бол 2025 онд 14,440.6 тонн болж өсжээ.
Үүний 9829 тонныг буюу 68 орчим хувийг 4200 кВт-аас дээш хүчин чадалтай том оврын уурын зуух, 3384 тонныг 10,803 айл өрхийн зуухны ялгаралт эзэлж байна. Сумуудаас Тосонцэнгэлд 10,621.6 тонн, Улиастайд 1742.5 тонн бохирдуулах бодисын ялгаралт тооцогджээ.
Харин Улиастай хотын агаарын чанарын 2026 оны аравдугаар сарын хэмжилтээр хүхэрлэг хий 9.0, азотын давхар исэл 6.6, PM2.5 тоосонцор 9.7, PM10 тоосонцор 27.2 мкг/м³ байв. Эдгээр үзүүлэлт MNS 4585:2025 стандартын хүлцэх агууламжаас даваагүй гэж Завхан аймгийн УЦУОШТ-өөс мэдээллээ.
Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн дагуу аймгийн ИТХ-аас дараах эх үүсвэрүүдэд ногдуулах төлбөрийн хэмжээг тогтоохоор санал авч байна. Үүнд олборлосон түүхий нүүрсний нэг килограмм тутамд 1-2 төгрөг, үйлдвэрлэсэн болон импортолсон органик уусгагчид 10-30 төгрөг, томоохон суурин эх үүсвэрээс агаарт гаргах хаягдалд 1-10 төгрөг байхаар тусгасан байна.
Төлбөр төлөгчдөд нүүрс олборлогч, органик уусгагч үйлдвэрлэгч, импортлогч, автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл эзэмшигч, томоохон суурин эх үүсвэр ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг хамруулахаар төлөвлөсөн байна. Жишээлбэл, нүүрсний нэг килограмм тутамд хоёр төгрөгийн төлбөр тогтоовол нэг тонн нүүрсэнд 2000 төгрөг ногдох юм.
Иргэд, аж ахуйн нэгжүүдийн саналыг 2026 оны арваннэгдүгээр сарын 20-ныг хүртэл цахимаар болон холбогдох байгууллагаар дамжуулан хүлээн авч байна.
Агаарын бохирдлын төлбөрийг тогтоон төвлөрүүлснээр бохирдуулагч эх үүсвэрийн ялгарлыг бууруулах, байгаль орчныг хамгаалах арга хэмжээг санхүүжүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой талаар Завхан аймгийн Байгаль орчны газрын олон нийттэй харилцах мэргэжилтэн Д.Болор-Эрдэнэ мэдээллээ.
Санал өгөх холбоос: https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfwpF1A5g0Wt1liXp-5cY4_O2jdzR8ZfPjdkUEjEZZxDUWVtA/viewform