Ачаалж байна…
Ачаалж байна…
Чойжамц Отгонцэцэг
ogoo_selenge@yahoo.com

Сүхбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Сэлэнгэ аймагт явуулын эрүүл мэндийн цогц үзлэг, оношилгоо, эмчилгээ зохион байгуулж байна.
Энэхүү үйл ажиллагааг Үндэсний Шүдний Эрүүл Мэнд, Боловсролын Сан (NDH) төрийн бус байгууллагын 35 хүний бүрэлдэхүүнтэй мэргэжлийн эмч нарын баг хэрэгжүүлж байгаа бөгөөд хүүхдийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг эрт илрүүлэх, шаардлагатай тусламж, үйлчилгээг газар дээр нь үзүүлэх, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжил, арга зүйн чадавхыг дэмжихэд чиглэжээ.
Тодруулбал, 11 дүгээр сарын 14, 15-ны өдрүүдэд Сүхбаатар сумын ерөнхий боловсролын нэгдүгээр сургууль дээр 1–5 дугаар ангийн 500 хүүхдийг хуваарийн дагуу үзлэгт хамруулжээ. Үзлэгээр шүд, амны хөндий, нүд, чих, хамар, хоолой болон хүүхдийн ерөнхий эрүүл мэндийг үнэлж, мэргэжлийн эмч нар цогц оношилгоог хийсэн юм.
Ялангуяа хүүхдийн шүд, амны хөндийн өвчлөл нь хооллолт, зажлах үйл ажиллагаа, нойр, өдөр тутмын тав тухад нөлөөлөхөөс гадна эмчлүүлэхгүй удах тохиолдолд хүндрэх эрсдэлтэй. Иймээс үзлэгийн хүрээнд амны хөндийн өвчлөлийг илрүүлж, шаардлагатай хүүхдэд шүдний эмчилгээ хийхийн зэрэгцээ бусад эрхтэн тогтолцооны эмгэг, эрүүл мэндийн эрсдэлийг тодорхойлжээ.
Мөн нарийн мэргэжлийн тусламж шаардлагатай хүүхдүүдийг дараагийн шатлалын эрүүл мэндийн байгууллагад холбон зуучлах замаар оношилгоо, эмчилгээний үргэлжлэлийг хангах юм. Энэ нь хүүхдийн өвчлөлийг зөвхөн илрүүлээд орхих бус, цаашдын эмчилгээ, хяналтад хамруулах боломж бүрдүүлж буйгаараа ач холбогдолтой юм.
Хүүхдийн өсөлт, хөгжил, суралцах чадвар, амьдралын чанар нь эрүүл мэндтэй салшгүй холбоотой. Тиймээс насны онцлогт тохирсон урьдчилан сэргийлэх үзлэг, эрт илрүүлгийг тогтмол зохион байгуулах нь өвчнийг эхэн үед нь оношлох, хүндрэлээс сэргийлэх, эрүүл амьдралын зөв дадлыг төлөвшүүлэх чухал нөхцөл болдог.
Ийнхүү мэргэжлийн эмч нарын багийг орон нутагт ажиллуулж, сургуулийн орчинд хүүхдүүдийг олон чиглэлийн үзлэгт нэг дор хамруулж байгаа нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ хүүхдийн эрүүл мэндэд чиглэсэн урьдчилан сэргийлэх ажлыг бодит үр дүнд хүргэхэд чиглэжээ.