Ачаалж байна…
Ачаалж байна…
Munkhzul Batsukh
muknzul.b@gmail.com

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Замын хөдөлгөөнд оролцогчийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хохирогч болох эрсдэлийг бууруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, дүрмийг сурталчлах, зөв дадал хэвшлийг бий болгох зорилгоор “Шар дарцаг” аяныг зургаа дахь жилдээ зохион байгуулж байна.
Нийслэлийн Засаг даргын 2026 оны А/1479 дүгээр захирамжийн хэрэгжилтийг хангах хүрээнд “Шар дарцаг” аяныг нийслэлийн хэмжээнд энэ сарын 13-наас эхлэн 30 хоногийн хугацаатай зохион байгуулах аж.
Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамир ярихдаа “Явган зорчигчийн аюулгүй байдлыг хангах зорилгоор НЗДТГ-аас “Шар дарцаг” аяныг жил бүр санаачлан зохион байгуулдаг. “Анхааралтай байвал аюулгүй” аяны хүрээнд хүүхэд багачуудад шар дарцгийг ашиглан гарцаар аюулгүй гарах зааварчилгааг өгч байна. Мөн аж ахуйн нэгж, байгууллагууд нийгмийн хариуцлагын хүрээнд ойр орчмынхоо явган хүний гарцан дээр шар дарцаг байрлуулахыг уриалъя. Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, зөв дадал хэвшил төлөвшүүлэхэд эцэг эх, асран хамгаалагч, иргэд, төрийн болон төрийн бус байгууллагын оролцоо, хариуцлага, хамтын ажиллагаа чухал юм. Тиймээс эцэг эх, асран хамгаалагч, жолооч болон аж ахуйн нэгж байгууллага, иргэд энэхүү аянд идэвхтэй оролцож, үлгэр дуурайлал үзүүлэхийг уриалж байна” гэв.
Аяны хүрээнд тээврийн хэрэгслийн жолооч нарыг явган хүний гарцын өмнө хурдаа хасаж, гарцаар гарч буй явган зорчигчид зам тавьж өгч байхыг санууллаа. Энэ оны эхний дөрвөн сард явган хүний гарц дээр 103 осол гарч, 12 хүний амь нас хохирчээ. Харин 2025-2026 онд Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол дүүргийн сургууль, цэцэрлэг орчмын явган хүний гарц дээр хурд сааруулагч тавихад нийслэлийн төсвөөс 240 сая төгрөг зарцуулахаар баталжээ.