Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны аравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн 105 жилийн ойг тохиолдуулан Бүгд Найрамдах Солонгос Улсын мэдээллийн Ёнхап агентлагаас мэндчилгээ ирүүлж, баяр хүргэлээ.
Ёнхап агентлагийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Хван Дэ-Илээс ирүүлсэн тус мэндчилгээнд:
Миний бие мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн 105 жилийн ойг тохиолдуулан чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж буйдаа туйлын их баяртай байгаа бөгөөд энэ нь нэр төрийн хэрэг юм.
Үүний зэрэгцээ Монголын сэтгүүл зүйн салбарыг түүчээлэгч МОНЦАМЭ агентлагийн оруулж буй хувь нэмрийг гүнээ хүндэтгэдэг гэдгээ илэрхийлэхийг хүсэж байна. Өргөн уудам талыг туулах хурдан хүлэгт морьтон мэт, наадмын оргилсон их эрч хүчийг санагдуулам МОНЦАМЭ агентлаг нь үнэнийг уйгагүй эрэлхийлэн сурвалжилж, олон нийтийн итгэлийг хүлээсээр ирсэн билээ.
Энэхүү түүхэн үйл явдлыг тохиолдуулан Ёнхап мэдээллийн агентлагийн нэрийн өмнөөс чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байгаадаа үнэхээр их баяртай байна.
Ёнхап мэдээллийн агентлаг болон МОНЦАМЭ агентлаг удаан хугацааны туршид итгэл хүлээсэн түншүүд, тууштай анд нөхөд байсаар ирлээ.
Мэдээ мэдээллийн ба хэвлэл мэдээллийн салбарын мэргэжилтнүүдийн солилцоо, олон улсын тавцан дахь нягт хамтын ажиллагааны үр дүнд манай хоёр агентлаг олон жилийн туршид хамтдаа хөгжсөөр ирлээ.
Манай хоёр агентлагийн хоорондын хэлхээ холбоо нь Монголын тал нутгийг нэвт сэвэлзүүлдэг салхины адилаар үргэлж сэргэг байж, өнө удаан үргэлжлээсэй хэмээн чин сэтгэлээсээ хүсч байна.
Бүгд Найрамдах Солонгос Улс болон Монгол Улс бат бөх, өнө удаан үргэлжлэх нөхөрлөлд суурилсан онцгой түншлэлийг хөгжүүлж байгаа билээ.
Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён энэ оны долоодугаар сарын 9-нд Монгол Улсад төрийн айлчлал хийх үеэр хоёр улс "БНСУ-Монголын харилцааны алтан үе" эхэлснийг зарласан нь манай хоёр орны хамтын ажиллагааг бэхжүүлэхэд шинэ түүхэн хуудсыг нээх болно.
Өнөөдөр олон монгол иргэд Солонгост шаргуу суралцаж, хөдөлмөрлөж байгаа нь манай хоёр үндэстнийг холбож буй үнэ цэнэтэй гүүр болж байна.
Үүний адилаар, Солонгосын соёл ба K-брэнд Монгол даяар түгэн тархсан нь бидний найрамдал нөхөрлөл өдөр тутмын амьдралтай нягт холбогдсоны тод илэрхийлэл мөн.
Энэхүү үзэл санаанд үндэслэн Ёнхап болон МОНЦАМЭ агентлагууд цаг үеэ олсон, үнэн зөв, найдвартай мэдээллийг түгээснээр хоёр ард түмнийг улам бүр ойртуулж, итгэлт түншүүд хэвээр байх болно хэмээн найдаж байна.
Хэдийгээр хиймэл оюун ухаан нь хэвлэл мэдээллийн орчныг хурдацтай өөрчилж байгаа боловч манай хоёр агентлаг туршлага, мэргэжлийн ур чадвараа хуваалцаж, хамтдаа өсөж дэвжиж, хамтын ажиллагаагаа Ази тивээс цааш ахиулан дэлхийн тавцанд өргөжүүлнэ гэдэгт би итгэлтэй байна.
Мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн 105 жилийн ойг тохиолдуулан дахин баяр хүргэе.
МОНЦАМЭ агентлагт цаашдын амжилт, хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөж, танай бүх удирдлага болон ажилтнуудад эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлийг хүсэн ерөөе гэжээ.