Ачаалж байна…
Ачаалж байна…
Aidos Shynai
aidosshynai@gmail.com

Өлгий, 2026 оны арваннэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Эцэг эх, асран хамгаалагчдын хүүхэд хүмүүжүүлэх мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газраас “Сайн эцэг, эх” үндэсний хөтөлбөрийн хүрээнд цуврал сургалт зохион байгуулж байна.
Боловсролын сайд болон Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан А/305, А/172 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах зорилготой тус сургалтыг хөтөлбөрийн сургагч багш Ж.Айхын, А.Гүлмайра, А.Айша нар удирдан явуулж байгаа бөгөөд эцэг эх, асран хамгаалагчдад 10 бүлэг сэдвээр мэдлэг, мэдээлэл өгч байна.
Сургалтаар гэр бүлийн харилцаа, хүүхдийн эрх, аюулгүй байдал, хүмүүжлийн эерэг арга барил, хүүхэдтэй зөв харилцах, насны онцлогийг нь ойлгох, хүчирхийлэлгүй харилцааг төлөвшүүлэх зэрэг сэдвийг зааж байна. Тухайлбал, “Гэр бүлийн мөрөөдөл ба асран хамгаалагч өөрийгөө халамжлах нь”, “Хүүхдийн эрх, аюулгүй байдал”, “Хүмүүжлийн эерэг арга, хандлага”, “Хүүхэдтэй элэгсэг дотно сэтгэлээр харилцах, удирдан чиглүүлж аливааг ойлгуулах”, “Хүүхдийн насны онцлог”, “Хүчирхийлэлгүй харилцаа, шийдвэр гаргалт”, “Гэр бүлийн гишүүд бие биенээ ойлгож, дэмжих нь” зэрэг агуулгыг багтаажээ.
Энэ удаагийн сургалтад аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын 30 албан хаагч хоёр өдрийн турш хамрагджээ. Тэд “Сайн эцэг, эх” хөтөлбөрийг орон нутагт түгээн дэлгэрүүлэх, хэрэгжүүлэх арга зүйд суралцаж, мэдлэг, ур чадвараа дээшлүүлсэн байна.
Сургалтыг харилцан ярилцах, дадлага ажил хийх, туршлага солилцох зэрэг оролцоонд суурилсан аргаар явуулсан нь оролцогчдод мэдлэгээ бататгах, сурсан зүйлээ практикт ашиглах боломж олгожээ. Цаашид тус газраас хүүхдийн эрх, хөгжил, хамгааллыг дэмжих, эцэг эх, асран хамгаалагчдад хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга барил эзэмшүүлэх зорилгоор сургалт, зөвлөмжийг орон нутагт үе шаттай хүргэж, тогтмол зохион байгуулахаар төлөвлөж байна.
Сайн эцэг, эх байна гэдэг нь хүүхдийнхээ сэтгэл зүй, хэрэгцээ, хүсэл сонирхлыг ойлгож, хайр халамжаар дэмжихийн зэрэгцээ бие даасан, зөв хүн болж төлөвшихөд нь чиглүүлэн туслахыг хэлнэ. Энэ нь эцэг эх, асран хамгаалагч бүрийн хариуцлагатай үүрэг юм.