Ачаалж байна…
Ачаалж байна…
Myagmarsuren Byambajaw

Улиастай, 2026 оны арваннэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Завхан аймагт соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч 600 орчим хүн бүртгэлтэй бөгөөд 1500 гаруй хүүхэд, өсвөр үеийнхэн нутаг орны өв соёлоо өвлөн суралцаж, танин мэдэж байна.
Тэд ардын уртын болон богино дуу, хөөмэй, морин хуур, бий биелгээ, уламжлалт бүжиг, цам зэрэг язгуур урлаг, аман зохиол, хэл аялгуу, баяр наадам, зан үйл, тоглоом наадгайгаас гадна байгаль, цаг агаарын тухай уламжлалт мэдлэг, нүүдлийн мал аж ахуй эрхлэх арга ухаан, гэр мод урлах, арьс шир, мод, яс боловсруулах гар урлалын уламжлалыг өвлөн суралцаж байна.
Тухайлбал, өнгөрсөн наймдугаар сард болсон “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивальд Завхан аймгийн Яруу сумаас дөрвөн настай Э.Тэмүүжин “Сур суран эдлэл” урлалын төрлөөр оролцсон нь хүүхэд багачууд уламжлалт гар урлалыг бага наснаасаа өвлөн эзэмшиж буйн нэг жишээ юм.
Мөн аймгийн 24 сумын ерөнхий боловсролын сургууль бүр морин хуурын хамтлагтай бөгөөд 560 гаруй хүүхэд тус хөгжмөөр идэвхтэй хичээллэж байна. Тэд морин хуур тоглож сурахын зэрэгцээ монгол ардын бий биелгээг өвлөн эзэмшиж, үе тэнгийнхэндээ сурталчилдаг.
Түүнчлэн 630 гаруй хүүхэд сур, шагайн харваагаар хичээллэж байгаа нь уламжлалт спорт, наадгайн өвийг залуу үед өвлүүлэхэд чиглэсэн ажлын нэг хэсэг болж байна.
Соёлын биет бус өв нь зөвхөн урлаг, тоглоом наадгайгаар хязгаарлагдахгүй, тухайн ард түмний амьдралын хэв маяг, уламжлалт мэдлэг, ур чадвар, зан заншлыг үеэс үед дамжуулан хадгалдаг оюуны үнэт өв юм. Монгол Улс ЮНЕСКО-гийн 2003 оны “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенц”-д 2005 онд нэгдэн орж, өв соёлоо хамгаалах, өвлөн уламжлуулах олон улсын үүрэг хүлээсэн.
Завхан аймгийн сумд өвлөн уламжлагчдыг дэмжих, хүүхэд залууст өв соёлоо таниулах, сургах зорилгоор сургалт, дугуйлан, олон нийтийн арга хэмжээ болон “Соёлын биет бус өвийн их наадам” зохион байгуулдаг талаар Завхан аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын түүх, соёлын өвийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Цэрэндулам мэдээллээ.
Өв соёлыг хадгалан хамгаалах нь зөвхөн өнгөрсөн үеийн уламжлалыг дурсах бус, түүнийг амьдралд хэрэглэж, хүүхэд залууст эзэмшүүлэн, хойч үедээ өвлүүлэх үйл явц юм. Иймээс өвлөн уламжлагчдын мэдлэг, ур чадварыг шавь сургалтаар дамжуулан түгээн дэлгэрүүлэх нь үндэсний соёлын залгамж чанарыг хадгалахад чухал ач холбогдолтойг ч онцоллоо.
Сонирхуулахад, Монгол Улс соёлын биет бус өвийг эх хэл, аман уламжлал, ардын язгуур урлаг, уламжлалт баяр наадам, зан үйл, ёс, тоглоом наадгай, уриа дуудлага, байгалийн болон сав шим ертөнцийн тухай мэдлэг, уламжлалт арга ухаан, мал маллах арга ухаан, уламжлалт гар урлал гэсэн долоон ай савд ангилан бүртгэж, хамгаалдаг.