Ачаалж байна…
Ачаалж байна…
Jargal D
jargald17@gmail.com

ЛОНДОН, 206 оны арваннэгдүгээр сарын 18 /BBC/. “Deutsche Bank”-ны дотоод баримт бичгүүдийг задруулснаар тус банк Оросын тэрбумтнуудтай олон жилийн турш бизнесийн харилцаатай байсан нь ил болжээ. Хориг арга хэмжээнд өртөх эрсдэлтэй байсан хэдий ч тус банк Оросын чинээлэг харилцагчдад үйлчилгээ үзүүлсээр ирсэн бол 2014 онд Крымийг өөртөө нэгтгэсний дараа Оросын тэрбумтнуудын дансны үйлчилгээг Швейцар, Люксембург зэрэг харилцагчийн мэдээллийн нууцлалыг өндөр түвшинд хамгаалдаг улс орон руу шилжүүлсэн байна. Эдгээр улс хориг арга хэмжээ авсан тохиолдолд ч харилцагчдын мэдээллийг задруулдаггүй аж. Баримт бичгүүд алдагдсан тухай мэдээлэл нийтлэгдсэний дараа “Deutsche Bank”-ны хувьцааны ханш 6 гаруй хувиар унажээ. Харин тус банк хориг арга хэмжээнээс зайлсхийхэд тусалсан гэж буруутгасныг няцааж байна.
Германы “Deutsche Bank” бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэг үйлдсэн хэргээр ял шийтгүүлсэн Жеффри Эпштейнтэй олон жилийн турш бизнесийн харилцаатай байж, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын татварын мэдүүлгийг санамсаргүйгээр нийтэлж байсан төдийгүй Оросын зах зээлд, тэр дундаа нэр нөлөө бүхий олигархуудтай бизнесээ өргөжүүлэхийг 2022 оны хоёрдугаар сард Оросын цэргүүд Украинд халдан довтлох хүртэл оролдсоор байжээ. Энэ талаар тус банкны дотоод баримт бичгүүдээс сэтгүүлчид олж мэдсэн байна.
“Deutsche Bank”-ны олигархуудтай тогтоосон харилцаа болон Оросын хөрөнгөтэй холбоотой асуудлууд нь нэрээ нууцалсан хоёр мэдээлэгч тус банкны 15 сая дотоод баримт бичгийг сэтгүүлчдэд дамжуулахад хүргэсэн гол шалтгаан болжээ.
Уг баримт бичгүүдийн дунд цахим шуудангаар илгээсэн захидлууд, ажилтнуудын харилцсан захидлууд, Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэл, дотоод шалгалтын дүн, санхүүгийн хяналтын нэгжүүдийн материал байгаа аж.
Мэдээллийг задруулагчид мэдэгдэхдээ, “Оросын олигархууд эзэмшдэг данс зэрэг банкны үйл ажиллагаатай холбоотой асуудлыг” илчлэх алхмыг олон нийтийн эрх ашгийн үүднээс хийсэн гэжээ. Тэдний нэг нь “банкны удирдлага болон байгууллагын соёлд иж бүрэн шинэчлэл хийх шаардлагатай” хэмээн мэдэгдсэн байна.
2010-аад оны эхэн үеэс хойших хугацааг хамарсан эдгээр задарсан баримт бичигт үндэслэсэн сэтгүүл зүйн эрэн сурвалжлах ажиллагааг дэлхийн олон орны 200 гаруй сэтгүүлч хамтран явуулжээ. Уг ажиллагаанд Германы “Der Spiegel”, Их Британийн “Financial Times”, Францын “Le Monde”, АНУ-ын “The New York Times” зэрэг олон хэвлэл мэдээллийн байгууллага оролцсон байна.
ОХУ-аас уг баримт бичгүүдэд хийсэн эрэн сурвалжлах ажиллагаанд тус улсын эрх баригчид “гадаадын агент” гэж үздэг “Важные истории” хэвлэл оролцжээ.
Эрэн сурвалжлах ажиллагааны талаарх нийтлэлүүд мягмар гаргийн өглөөнөөс нийтлэгдэж эхэлсэн байна.