Ачаалж байна…
Ачаалж байна…
Montsame2026 Montsame2026
ganaabadarch3@gmail.com

Мөрөн, 2026 оны арваннэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор ирэх оны нэгдүгээр сарын 15, 16-нд Рэнчинлхүмбэ суманд “Жаргалантын голын үзэсгэлэн -2027” арга хэмжээг зохион байгуулна.
Энэ үеэр дархад түмний дуу хуур, ёс заншил, өв соёлыг байгалийн үзэсгэлэн төгс Жаргалантын голын хөвөөнд танилцуулж, эрүүл агаарт уралдаан тэмцээн зохион байгуулна.
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын нутаг Жаргалантын гол сүүлийн жилүүдэд өвлийн улиралд гадаад, дотоодын аялагчдын зорин ирдэг аялал, жуулчлалын гол бүс нутаг болжээ.
Ялангуяа идэр есийн хүйтэнд -38-40 градус хүртэл хүйтэрч байх үед аялагчид тасрахгүй зорьсоор байдаг юм.
Рэнчинлхүмбэ сумын төвөөс 5 км зайд оршдог Жаргалантын гол нь -50 градуст хөлддөггүй учраас нутгийн иргэд “амьд устай” гол гэж үздэг байна.
Жаргалантын голын харзанд өвлийн улиралд иргэд ихээр очдог бөгөөд гол дотор ургасан өвс, ургамал ногооноороо цэцэглэн ургадаг байна.
Мөн голын уснаас үүссэн уур, манан ойр орчмын мод, бутыг цантуулж, өвлийн улиралд үзэсгэлэнтэй болгодог тул гадаад, дотоодын аялагчид зорин очиж, зургаа авхуулдаг болсон байна. Голын ус маш гүнээс гардаг тул зуны улиралд их хүйтэн байдаг.
Жаргалантын гол нь Улаанбаатар хотоос 973 км, Мөрөн хотоос 245 км, Рэнчинлхүмбэ сумаас 5 км-ийн зайд оршдог.