Ачаалж байна…
Ачаалж байна…
Davaasuren Adiyasuren
d.adiya0122@gmail.com

Мандалговь, 2026 оны 11 дүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд 2004 онд төрсөн, хөнгөн атлетикийн марафон гүйлтийн тамирчин Б.Лхагва-Очир 2023 оноос гүйлтийн спортоор хичээллэж эхэлсэн бөгөөд сүүлийн жилүүдэд улсын болон олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцож байна.
Тэрбээр Дундговь аймгийн Политехник коллежийг тогооч мэргэжлээр төгссөн бөгөөд спортын мастер А.Гантулгын удирдлага дор бэлтгэл сургуулилалтаа хийдэг.Түүний тэмцээний амжилтаас дурдвал, 2023 онд олон улсын марафон гүйлтийн таван километрийн зайд тэргүүн байр эзэлжээ.
2024 онд “Улаанбаатар марафон” олон улсын тэмцээний 10 километрийн зайд 13 дугаар байр, Багахангайн марафон буюу улсын аварга шалгаруулах тэмцээний 10 километрийн зайд тавдугаар байр эзэлсэн байна.
Харин 2025 онд “Улаанбаатар марафон”-ы 10 километрийн зайд 11 дүгээр байр, Багахангайн марафон, улсын аварга шалгаруулах тэмцээний 10 километрийн зайд гуравдугаар байр, Бүх ард түмний спартакиадын улсын аварга шалгаруулах тэмцээний таван километрийн зайд дөрөвдүгээр байр эзэлжээ.
Мөн “Итгэл найдвар” олон улсын тэмцээний 21 километрийн зайд есдүгээр байр, Мандалговь марафоны таван километрийн зайд тэргүүн байр хүртсэн байна.
2026 онд “Итгэл найдвар боломж” олон улсын тэмцээний 10 километрийн зайд хоёрдугаар байр, “Талын нутгийн марафон” олон улсын тэмцээний 10 километрийн зайд тавдугаар байр, Шөнийн марафоны 21 километрийн зайд тавдугаар байр эзэлсэн бол “Улаанбаатар марафон” олон улсын тэмцээний 21 километрийн зайд 47 дугаар байрт шалгарчээ.
Түүний спортын амжилт, хичээл зүтгэлийг үнэлж, 2025 онд Эрдэнэдалай сумын Засаг даргын Жуух бичгээр шагнасан бол 2026 онд Дундговь аймгийн Политехник коллежийн “Шилдэг сурагч”, “Спортлог сурагч”-аар шалгаруулсан байна.
Б.Лхагва-Очир цаашид Азийн болон дэлхийн хэмжээний тэмцээнд оролцож, эх орныхоо нэрийг өндөрт өргөн, Монгол Улсын төрийн далбааг олон улсын тавцанд мандуулах зорилго тавин бэлтгэлээ базааж байна. Тэрбээр тэмцээн бүрээс туршлага, урам зориг авч, өөрийн амжилтаар үеийн залуусыг спортоор хичээллэхэд уриалахыг зорьдог аж.