Ачаалж байна…
Ачаалж байна…
Jargal D
jargald17@gmail.com

ВАШИНГТОН, 2026 оны арваннэгдүгээр сарын 17 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ долоо хоногт Хятадад айлчлах үеэрээ Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэж даваа гарагт мэдэгдсэн нь түүний Зүүн Азийн орнуудад хийх айлчлалын өнгө төрхийг эрс өөрчилж болзошгүй байна.
Д.Трамп бүрэн эрхийнхээ эхний хугацаанд /2017-2021 он/ Умард Солонгосын удирдагчтай урьд өмнө байгаагүй нүүр тулсан дипломат уулзалтуудыг хэд хэдэн удаа хийж байсан хэдий ч Ким Жөн Уныг цөмийн зэвсгээсээ татгалзахыг ятгаж чадаагүй юм.
Тэрбээр одоогийн бүрэн эрхийнхээ хугацаанд Ким Жөн Унтай дахин уулзах сонирхолтой байгаагаа удаа дараа илэрхийлж байсан бөгөөд тухайлбал, өнгөрсөн онд Азид хийсэн айлчлалынхаа үеэр Кимтэй уулзаж магадгүй тухайгаа мэдэгдэж байсан боловч уулзалт нь болоогүй юм.
АНУ-ын өндөр албан тушаалтнууд өмнө нь “хоёр удирдагч ойрын хугацаанд уулзах төлөвлөгөө байхгүй” гэж мэдэгдэж байсан бол Умард Солонгосын тал одоогоор хэлэлцээ хийх шаардлагагүй гэж үзэж буйгаа илэрхийлж, АНУ-ыг дайсагнасан бодлого явуулж байна хэмжээн буруушааж байв.
Д.Трамп Филиппин, Хятадыг зорихоор Цагаан ордноос явахаасаа өмнө сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ Ким Жөн Унтай хийх уулзалтыг Хятадад зохион байгуулах ба Умард Солонгосын удирдагч хүрэлцэн ирэх эсэх нь эцсийн дүндээ БНХАУ-ын удирдагч Ши Жиньпинээс шалтгаална гэж мэдэгджээ.
“Ши энд ирсэн... Бид мөн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзана. Түүнчлэн Ким Жөн Унтай ч уулзаж магадгүй” гэж Д.Трамп хэлээд "Энэ бол сайн хэрэг. Бидэнд их зүйлийг амжуулах боломж бий" хэмээн нэмж дурдсан байна. Тэрбээр Ким Жөн Уны тухайд яриахдаа “Тэр ирж магадгүй. Би сайн мэдэхгүй байна. Энэ нь дарга Шигээс л шалтгаална" гэжээ.
Д.Трампын мэдэгдлийн талаар тайлбар авахаар НҮБ-д суугаа Умард Солонгосын төлөөлөгчийн газарт хандсан боловч хариу өгөөгүй байна.
Энэ долоо хоногт Хятадад болох Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны (АПЕК) уулзалтын үеэр В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нар уулзахаар төлөвлөж байгаа нь дэлхийн үйл хэрэгт томоохон хэмжээгээр нөлөөлнө гэж Кремль даваа гарагт мэдэгджээ.
Ши Жиньпин, В.Путин нартай уулзах үеэрээ цөмийн зэвсгээс ангижрах асуудал, Иран, Украины эргэн тойронд үүсээд буй нөхцөл байдал, мөн худалдаа, эдийн засгийн асуудлыг хэлэлцэнэ гэж Д.Трамп мэдэгдсэн байна. Гэвч АНУ-ын албаны хүмүүс болон шинжээчид эдгээр уулзалтаар дорвитой тохиролцоонд хүрэх магадлал бага гэж үзэж байна.
Хэрэв Ким Жөн Ун Хятадад хүрэлцэн ирвэл В.Путин түүнтэй уулзаж магадгүй гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков даваа гарагт мэдэгджээ. Украин, Өмнөд Солонгосын талын тооцоолсноор, 2024 оноос хойш Умард Солонгосоос Украины дайнд 14-15 мянга орчим цэрэг илгээсэн бөгөөд тэдний ихэнх нь Украины цэргүүдийн довтолгоог няцаахад дэмжлэг үзүүлэхээр Курск мужид байрлаж байгаа аж.
Д.Трампын мэдэгдлээс үзэхэд, Ким Жөн Уныг Хятадад уулзалтад оролцуулахыг Шигээс хүссэн нь тодорхой байна гэж Вашингтон дахь Стратеги, олон улсын судалгааны төвийн (CSIS) Солонгосын асуудал хариуцсан хөтөлбөрийн газрын дарга Виктор Ча хэллээ.
“Хэрэв Ким Жөн Ун АНУ, ОХУ, Хятад гэсэн цөмийн зэвсэгтэй гурван гүрний удирдагчтай нэг дор зогсож, Д.Трамптай хоёр талын уулзалт хийвэл энэ нь түүний хувьд дипломат томоохон ялалт болно” гэж тэрбээр хэлсэн байна.
Виктор Ча цааш нь хэлэхдээ “Хятад улс АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтыг олны анхаарлаас өөр тийш сарниулахыг хүсэхгүй гэж үзэж байгаа боловч Ши Жиньпиний хувьд эдгээр удирдагчийг нэг дор цуглуулж, онцгой уулзалт зохион байгуулбал түүний дэлхий дахинд явуулж буй дипломат бодлого улам бүр хүчирхэгжинэ гэж бодож байна” гэлээ.
Д.Трамп Кимтэй долоон жилийн өмнө уулзсанаас хойш түүнтэй дахин уулзах сонирхолтой байгаагаа илэрхийлж байна. Уг уулзалт Умард Солонгосын цөмийн зэвсгийн хөтөлбөр болон тус улсын эсрэг авсан хориг арга хэмжээг цуцлах асуудлаар талууд санал зөрөлдөөнөө шийдвэрлэж чадаагүйн улмаас ямар нэгэн тохиролцоонд хүрэлгүй өндөрлөсөн юм.
Түүнээс хойш Умард Солонгос цөмийн зэвсэг болон пуужингийн хүчин чадлаа үлэмж нэмэгдүүлэхийн зэрэгцээ ОХУ, БНХАУ-тай харилцаагаа бэхжүүлээд байна. Д.Трамп Пёньянд томоохон буулт хийхэд бэлэн байгаагаа илэрхийлбэл бүс нутгийн холбоотон орнуудтайгаа зөрчилдөх эрсдэлтэй гэж шинжээчид үзэж байна.
Шинжээчид Умард Солонгосыг хэдэн арван цөмийн цэнэгт хошуу бүтээсэн гэж үздэг хэдий ч АНУ-ын бүс нутгийн холбоотнууд болон Барууны орнууд тус улсыг "цөмийн эзвсэгтэй гүрэн" гэж хүлээн зөвшөөрөхөөс татгалздаг. Харин Д.Трамп уг статусыг Умард Солонгост хамаатуулан нэрлэж байсан удаатай.