Ачаалж байна…
Ачаалж байна…
Batkhuu Begz
begzbatkhuu@gmail.com

Улаангом. 2026 оны арваннэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. УИХ-ын ээлжит чуулганаар Увс аймагт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 454.9 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 51 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр болжээ.
Үүнээс ирэх онд 138.0 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор шийдвэрлэсэн байна. Тодруулбал, 91.7 тэрбум төгрөгийн өртөг бүхий 39 төсөл, арга хэмжээг шинээр эхлүүлэх бол 46.3 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй 12 төсөл, арга хэмжээ үргэлжлэн хэрэгжинэ.
Ирэх онд хамгийн их санхүүжилт боловсролын салбарт хийгдэх бөгөөд нийтдээ 62.0 тэрбум төгрөгийн 23 төсөл, арга хэмжээ хэрэгжинэ. Тухайлбал, Өмнөговь суманд 640 суудалтай сургууль, Зүүнхангай, Малчин сумдад 320 суудалтай сургууль, Өндөрхангай суманд 150 ортой цэцэрлэг, Зүүнхангай суманд 75 ортой цэцэрлэгийн өргөтгөл, Ховд суманд сургуулийн спорт заал шинээр барих юм. Мөн Улаангом сумын Ерөнхий боловсролын Хоёрдугаар сургуульд 640 суудалтай барилга, спорт заал, их засвар, Нэгдүгээр сургуульд урлаг, спортын заал, Зургаадугаар сургуульд өргөтгөл хийж, Гурав, Дөрөвдүгээр сургуулийн биеийн тамирын талбай, тохижилт, тоног төхөөрөмж болон “Шүд угаах цаг” хөтөлбөрийн тоног төхөөрөмжийг санхүүжүүлнэ. Тэрчлэн Улаангом сумын олон улсын стандарт хөтөлбөртэй сургуулийн дотуур байр, хөл бөмбөгийн талбай, Бөхмөрөн, Өндөрхангай, Давст, Завхан сумдын сургууль, Наранбулаг сумын цэцэрлэг, Баруунтуруун сумын спорт заалны өргөтгөлийн ажил үргэлжлэх юм.
Зам тээврийн салбарт 32.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий 9 төсөл, арга хэмжээ хэрэгжинэ. Үүнд, Улаангомоос Тэс, Малчин, Хяргас, Зүүнговь, Цагаанхайрхан, Баруунтуруун сумд хүртэлх 164.5 км авто замын үргэлжлэл тавигдана. Мөн А1701 замаас Өмнөговь сум чиглэлийн 25.4 км, Хар толгой–Тариалан чиглэлийн 20.7 км, Түргэн сумыг А1702 замтай холбох 3.3 км авто зам, сумын төвийн хатуу хучилттай зам, Улаангом–Хандгайт чиглэлийн авто замын их засвар, Улаангом сумын Дунд голын болон Хойд голын бетон гүүр шинээр хэрэгжинэ. Түүнчлэн Сагил сум чиглэлийн 4.9 км авто замын ажил үргэлжлэн тавигдана.
Эрчим хүчний салбарт 3.7 тэрбум төгрөгийн үнэ бүхий нэг төсөл хэрэгжихээр болсон нь Тариалан, Хяргас, Баруунтуруун, Зүүнговь, Зүүнхангай, Улаангом, Ховд сумдын цахилгаан хангамжийн өргөтгөл, шинэчлэлийг шинээр хэрэгжүүлэх ажил байна.