Ачаалж байна…
Ачаалж байна…
Montsame News Agency
info@montsame.gov.mn

Сүхбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум дахь Алтанбулаг чөлөөт бүсийн захирагч Ж.Өнөрбаяртай ярилцлаа.
-Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Алтанбулаг чөлөөт бүсийн үйл ажиллагаа хэзээ эхэлсэн бэ? Өнөөгийн үйл ажиллагаа, нөхцөл байдлын талаар яриагаа эхлэх үү?
-Алтанбулаг чөлөөт бүсийн үндэс суурь нь УИХ-ын 1995 оны 87 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсад эдийн засгийн чөлөөт бүс байгуулах үзэл баримтлалаас эхтэй. Улмаар УИХ-ын 1996 оны 66 дугаар тогтоолоор Ази, Европыг холбосон олон улсын АН-3 авто замын зангилаа хэсэг болох Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт, ОХУ-ын хил орчмын бүсэд 500 га газрыг чөлөөт бүс байгуулах зориулалтаар тогтоосон байдг. Харин Засгийн газрын 2014 оны 153 дугаар тогтоолоор байнгын үйл ажиллагаанд шилжүүлсэн юм.
Аливаа улс чөлөөт бүс байгуулахдаа хөрөнгө оруулалт татах, ажлын байр бий болгох, эдийн засгийн чадавхаа нэмэгдүүлэх зорилго тавьдаг. Энэ утгаараа Алтанбулаг чөлөөт бүс нь газар зүйн байршлын хувьд стратегийн чухал ач холбогдолтой.
Өнөөдрийн байдлаар тус бүсэд нийт 105 аж ахуйн нэгж 128 нэгж талбар бүхий 77 га газрыг эзэмшиж, ашиглаж байна. Үүнээс худалдаа, үйлчилгээний чиглэлээр 32 аж ахуйн нэгж байнгын үйл ажиллагаа явуулж байгаа.
2026 оны аравдугаар сарын байдлаар чөлөөт бүсэд 16.6 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн нэвтэрснээс 15.04 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн худалдаалагдаж, 638.1 мянган ам.долларын бараа бүтээгдэхүүнийг гаалийн бүрдүүлэлт хийж, Монгол Улсын зах зээлд нийлүүлсэн үзүүлэлттэй байна.
-Алтанбулаг чөлөөт бүсэд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ямар бүтээн байгуулалт хийсэн бэ? Эдгээрийн өнөөгийн ашиглалт ямар байна вэ?
-Авто зам, цэвэр болон бохир усны шугам сүлжээ, цахилгаан хангамж, усан сангийн байгууламж зэрэг дэд бүтцийн бүтээн байгуулалтад улсын төсвөөс нийт 42.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байгаа.
Гэвч төсвийн хөрөнгөөр байгуулсан томоохон бүтээн байгуулалтын зарим нь өнөөдрийн бодит хэрэгцээ, нөхцөл байдалтай нийцэхгүйгээс ашиглагдах боломжгүй байна. Тухайлбал, чөлөөт бүсээс Сэлэнгэ аймгийн төв хүртэл татсан 25 км бохирын шугам, худгийг 15-20 мянган хүн амтай хотын хэрэглээнд тооцож байгуулсан байдаг. Гэтэл одоогоор байнгын үйл ажиллагаа явуулж буй 32 аж ахуйн нэгжийн хэрэглээний түвшинтэй харьцуулахад уг байгууламжийг ашиглах боломжгүй нөхцөл байдал үүсээд байна.
Энэ мэтчилэн анхнаасаа хэт өөдрөг төсөөлөлд тулгуурлан, тооцоо судалгааны үзүүлэлтүүдийг бодит байдлаас өндөр тооцож байгуулсан дэд бүтцийн зарим байгууламж өнөөдөр үр ашиггүй болох, төсвийн хөрөнгө оруулалтын үнэ цэнээ алдах эрсдэлтэй болоод байна.
Иймд чөлөөт бүсийн үйл ажиллагааг үйлдвэрлэл, тээвэр логистикийн чиглэлээр нэн даруй эрчимжүүлэх шаардлагатай. Ингэснээр өмнө нь улсын төсвийн хөрөнгөөр байгуулсан дэд бүтцийн бүтээн байгуулалтыг бодитойгоор ашиглах, эргэлтэд оруулах нөхцөл бүрдэнэ.
Засгийн газрын үндэсний “Чөлөөлье” санаачилгын хүрээнд зөвшөөрлийн цахим системийг ашиглалтад оруулсан
-Чөлөөт бүсэд үйл ажиллагаа эрхлэхэд ямар төрлийн зөвшөөрөл шаардлагатай вэ? Зөвшөөрлийг хэрхэн олгож байна вэ?
-Чөлөөт бүсийн тухай хуулийн 18 дугаар зүйлд чөлөөт бүсэд эрхлэх үйл ажиллагааны төрлийг тодорхой заасан байдаг. Тухайлбал, үйлдвэрлэл, үйлчилгээ, аялал жуулчлал, худалдаа, олон улсын банк, санхүү, төлбөрт таавар, бооцоот тоглоом зэрэг үйл ажиллагаа эрхлэх боломжтой. Харин тусгай зөвшөөрөл шаардлагатай үйл ажиллагааг Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулиар зохицуулдаг.
Чөлөөт бүсийн Захирагчийн хувьд газар эзэмших, ашиглах, мөн согтууруулах ундаа болон тамхи худалдаалахтай холбоотой нийт гурван төрлийн зөвшөөрөл олгох эрх хэмжээтэй.
Засгийн газрын үндэсний “Чөлөөлье” санаачилгын хүрээнд төрийн хүнд суртлыг арилгах, үйлчилгээг иргэд, аж ахуйн нэгжүүдэд шуурхай, чирэгдэлгүй хүргэх зорилгоор зөвшөөрлийн цахим системийг ашиглалтад оруулсан.
Аж ахуйн нэгжүүд зөвшөөрөл хүссэн өргөдөл, холбогдох баримт бичгээ зөвшөөрлийн нэгдсэн систем болон License.mn сайтаар дамжуулан илгээдэг. Эрх бүхий байгууллага хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын хоёр хоногийн дотор баримт бичгийн бүрдлийг шалгаж, бүрдүүлбэр хангасан тохиолдолд хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангаж байгаа эсэхийг ажлын 5-10 хоногт магадлан, улмаар ажлын таван хоногийн дотор зөвшөөрөл олгох эсэх шийдвэрийг гаргах зохицуулалттай.
Нэгдсэн цахим систем нэвтэрснээр зөвшөөрөл олгох үйл явц илүү нээлттэй, шуурхай болж, өмнө нь бизнес эрхлэгчдэд тулгардаг байсан хүнээс хамааралтай хүндрэл, чирэгдэл багассан гэж үзэж байгаа.
-Газар олголтыг ямар арга, журмаар зохион байгуулдаг вэ? Одоогийн байдлаар газар олголтод ямар нөхцөл байдал үүсээд байна вэ?
-Одоогоор Алтанбулаг чөлөөт бүсэд шинээр газар олгох боломжгүй байна. Учир нь Газрын тухай хуулийн 22¹.1-д чөлөөт бүсийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг үндэслэн газар олголтыг зохион байгуулахаар заасан боловч манай бүсийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө өнөөдрийг хүртэл батлагдаагүй.
Ерөнхийдөө газар олголтыг Газрын тухай хуульд заасан дуудлага худалдаа болон төсөл сонгон шалгаруулалт гэсэн хоёр аргаар зохион байгуулдаг. Манай чөлөөт бүсэд өмнө нь олгосон нийт 77 га талбай бүхий 128 нэгж талбарын долоог нь дуудлага худалдаагаар, 121-ийг нь төсөл сонгон шалгаруулалтаар олгосон байдаг.
Өмнөх үе үеийн Захирагч нар чөлөөт бүсийн газрын харилцааг хуульд нийцүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авч ирсэн. Гэхдээ газар олголтын үндсэн зорилго алдагдсан тохиолдлууд бий. Уг нь аж ахуйн нэгжүүд газар эзэмшиж, ашиглахдаа зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулах, хөрөнгө оруулалтаа үе шаттай хийх, ажлын байр бий болгох, дэвшилтэт технологи нэвтрүүлэх замаар чөлөөт бүсийн хөгжилд хувь нэмэр оруулах учиртай.
Гэтэл зарим аж ахуйн нэгж газар аваад 15 жил ашиглахгүй хадгалах, хугацааг нь сунгуулах, бусдад шилжүүлэх замаар ашиг олох зэрэг газар тойрсон асуудал үүсгэж иржээ.
Тиймээс ажил хүлээн авсныхаа дараа хамгийн түрүүнд анхаарч ажилласан асуудлын нэг нь өмнө нь гарсан газар олголтын шийдвэрүүд хуульд нийцсэн эсэхийг шалгуулах байлаа. Энэ хүрээнд хууль зүйн дүгнэлт гаргуулсан. Дүгнэлтээр Газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн, газар эзэмших, ашиглах эрхийг цуцлах үндэслэл бүрдсэн цөөнгүй тохиолдол байгааг тогтоогоод байна.
Одоо манай Ажлын албанаас ажлын хэсэг байгуулж, аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан хөрөнгө оруулалтын, газар эзэмшүүлэх болон үйлдвэрлэл, үйлчилгээний гэрээний хэрэгжилтийг дүгнэхээр ажиллаж байна.
Олон улсын жишигт нийцсэн чөлөөт бүс байгуулна гэсэн ерөнхий зорилт тусгагдсан ч нарийвчилсан төлөвлөгөө дутмаг байна
-Дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагчдын итгэлийг бэхжүүлэх чиглэлээр ямар бодлого, стратеги баримталж байна вэ?
-Чөлөөт бүсийн хөгжил нь хөрөнгө оруулалтын хэмжээ, зориулалтаас шууд хамаардаг. Миний хувьд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагчдын итгэлийг бэхжүүлэхэд Засгийн газрын тогтвортой байдал, бодлогын дэмжлэг маш чухал юм байна гэдгийг анзаарсан.
Гадаадын хөрөнгө оруулагчид тухайн салбарын бодлого тодорхой, тогтвортой байхыг хүсдэг. Тэдний зүгээс Алтанбулаг чөлөөт бүсийн талаарх бодлого тодорхойгүй байгааг ч хэлдэг. Манай улсын дунд болон урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд олон улсын жишигт нийцсэн чөлөөт бүс байгуулна гэсэн ерөнхий зорилт тусгагдсан байдаг ч түүнийг хэрхэн хөгжүүлэх талаар нарийвчилсан төлөвлөгөө дутмаг байна.
Иймээс манай Ажлын албанаас чөлөөт бүсийг хөгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөө боловсруулсан бөгөөд батлуулахад бэлэн болсон.
Үүнээс гадна хууль, эрх зүйн орчныг ойлгомжтой, хөрөнгө оруулагчдад илүү таатай болгох шаардлагатай. Одоогийн хүчин төгөлдөр хууль тогтоомжоор татвар болон газрын төлбөрийн хөнгөлөлт, чөлөөлөлтийн нөхцөлүүдийг бүрдүүлсэн. Тухайлбал, импортын бараанд гаалийн, нэмэгдсэн өртгийн болон онцгой албан татвар ногдуулахгүй. Мөн үйл ажиллагааны чиглэлээс нь хамааран газрын төлбөрөөс эхний 5-10 жилд 100 хувь чөлөөлөх зохицуулалт бий.
Хууль, эрх зүйн орчныг улам боловсронгуй болгох хүрээнд Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Эдийн засгийн тусгай бүсийн тухай хуулийн төслийг санаачлан, шат шатны хэлэлцүүлгийг зохион байгуулж, УИХ-д өргөн мэдүүлэх бэлтгэл ажлыг хангаж байна.
Ер нь хөрөнгө оруулалт татахад нэгдүгээрт, хууль эрх зүйн таатай орчин; хоёрдугаарт, төр засгийн бодлогын тодорхой, тогтвортой байдал; гуравдугаарт, хөрөнгө оруулалтаа итгэлтэй хийхэд шаардлагатай бусад таатай нөхцөлийг бүрдүүлэх нь чухал.
Өнөөгийн бодит нөхцөл байдлыг авч үзвэл дулаан хангамж, бохирын шугам, усан хангамж зэрэг шийдвэрлэх шаардлагатай асуудал олон байна. Тиймээс салбарын сайдын зүгээс улсын төсвөөс шууд хамааралгүйгээр төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар чөлөөт бүсийг хөгжүүлэх бодлого, стратеги баримталж байгаа.
-Хөрөнгө оруулагчид болон бүсэд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд тулгарч буй гол хүндрэл юу байна вэ? Эдгээрийг шийдвэрлэх чиглэлээр ямар ажил хийж байна вэ?
-Шинээр хөрөнгө оруулалт татах, хэрэгжих боломжтой томоохон төсөл, хөтөлбөрүүдийг эхлүүлэхэд хамгийн түрүүнд тулгарч байгаа асуудал бол газар олголт юм. Газар олгох боломжгүй нөхцөлд хөрөнгө оруулалт татахад хүндрэлтэй. Гэтэл дээр дурдсанчлан бүсийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө өнөөдрийг хүртэл батлагдаагүйгээс шалтгаалан хөрөнгө оруулалт татах, улсын эдийн засагт бодит түлхэц болохуйц томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх боломж хязгаарлагдмал байна.
Харин одоо үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн хувьд халаалт, дулаан хангамж болон дэд бүтцийн асуудал гол хүндрэл болж байна. Тэд дулаанаа цахилгаанаар шийдэж байгаа. Мөн чөлөөт бүсийн дотоод авто замын нөхцөл байдал хүндрэлтэй.
Иймээс Алтанбулаг суманд байрлах дулааны станцаас чөлөөт бүсийг дулаанаар хангах асуудлыг холбогдох түвшинд ярьж байна.
-2026 оны есдүгээр сард хөрөнгө оруулагчидтай уулзалт зохион байгуулж, хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан. Уулзалтын үр дүнд ямар ажил, төсөл бодит ажил хэрэг болж байна вэ?
-Чөлөөт бүсийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд “Чөлөөт бүс нь хөрөнгө оруулалтыг татах, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, чөлөөт бүсийн хөгжлийг дэмжих, сурталчлах зорилго бүхий хөрөнгө оруулагчдын зөвлөлтэй байна” гэж заасан байдаг.
Энэ хүрээнд бид анх удаа Хөрөнгө оруулагчдын зөвлөлтэйгөө цаашдын хамтын ажиллагааны зорилго, зарчмыг тодорхойлсон санамж бичиг байгуулсан. Цаашид чөлөөт бүсийн хөгжлийн чиг хандлага төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлах нь тодорхой. Тиймээс Хөрөнгө оруулагчдын зөвлөл болон бүсэд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдтэй нягт хамтран ажиллах шаардлагатай байна.
Уулзалтын үр дүнд хэд хэдэн асуудлаар хамтран ажиллахаар тохиролцсон. Тухайлбал, чөлөөт бүсийн хэвийн үйл ажиллагааг хангах хүрээнд тусгай дэглэм хэрэгжүүлдэг Гааль, Хилийн байгууллагын албан хаагчдын ажлын байрны гадна талын дулааны шугамыг хөрөнгө оруулагчдын санхүүгийн дэмжлэгээр шинээр сольсон.
Мөн чөлөөт бүсийн хоёр байршилд боловсон ариун цэврийн өрөө бүхий нэг цэгийн үйлчилгээний барилга байгууламжийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд ашиглалтад оруулахаар сонгон шалгаруулалтын бэлтгэл ажлыг хангаж байна.
Энэ мэтчилэн чөлөөт бүсийн өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангах, цаашид өргөтгөн хөгжүүлэх чиглэлээр хамтран шийдвэрлэх шаардлагатай олон ажил бий.
Манай чөлөөт бүс газар зүйн байршлын хувьд стратегийн ач холбогдолтой бүсэд оршдог
-Алтанбулаг чөлөөт бүсийн газар зүйн байршлын давуу талыг ашиглан Монгол, Орос, Хятад гурван улсын худалдаа, эдийн засаг, тээвэр логистикийн хамтын ажиллагааг өргөжүүлэх ямар боломж байна вэ?
-Энэ чиглэлээр хамтран ажиллах бүрэн боломжтой. Манай чөлөөт бүс газар зүйн байршлын хувьд стратегийн ач холбогдолтой бүсэд оршдог. Тээвэр, логистикийн үйл ажиллагааг өргөжүүлж чадвал чөлөөт бүсээр зорчих хөдөлгөөн эрс нэмэгдэж, бараа эргэлт ч дагаад өсөх боломжтой.
Энэ нь зөвхөн Монгол, Орос, Хятад гурван улсын асуудал биш. Зүүн Өмнөд Азийн орнуудаас Европын улс орнууд руу бараа бүтээгдэхүүн тээвэрлэх, дамжин өнгөрүүлэх өргөн хүрээний бодлогын асуудал юм.
Тухайлбал, БНХАУ-аас ОХУ болон Европын орнууд руу чиглэж буй ачаа тээврийн урсгалын тодорхой хэсэг Манжуураар дамжин, олон мянган километрийн тойруу замаар тээвэрлэгдэж байна. Харин энэ урсгалыг Замын-Үүдээс Алтанбулаг чиглэлд татан төвлөрүүлж чадвал цаг хугацаа, тээврийн зардлыг хэмнэх зэрэг олон давуу тал бий болно гэсэн тооцоо, судалгаа байдаг.
Тиймээс БНХАУ-ын худалдаа, бизнес эрхлэгчдийн зүгээс манай улсаар дамжуулан бараа бүтээгдэхүүнээ тээвэрлэх сонирхол өндөр байна. Үүнийг бодит ажил хэрэг болгохын тулд Алтанбулаг чөлөөт бүсэд олон улсын стандартад нийцсэн тээвэр, логистикийн цогцолбор байгуулах шаардлагатай.
Ингэснээр бүс нутгийн улс орнууд харилцан ашигтай хамтран ажиллах боломж нээгдэнэ. Энэ чиглэлд төр засгийн бодлогын дэмжлэг зайлшгүй хэрэгтэй.
-Байгууллагын үйл ажиллагааны ил тод байдал, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр ямар шинэчлэл хийж, ямар үр дүнд хүрээд байна вэ?
-Алтанбулаг чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба нь Авлигатай тэмцэх “5Ш” ажиллагааны нэг болох “Шил ажиллагаа”-ны хэрэгжилтийг хангах хүрээнд Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Энэ хүрээнд байгууллагын үйл ажиллагаа, хүний нөөц, төсөв санхүү, худалдан авах ажиллагаа болон төрийн үйлчилгээтэй холбоотой мэдээллийг хуульд заасан хугацаанд нээлттэй, ил тод байршуулж байгаа. Ингэснээр иргэд, аж ахуйн нэгжүүд шаардлагатай мэдээллийг авах боломж нэмэгдэж, байгууллагын үйл ажиллагаанд тавих олон нийтийн хяналт сайжрах нөхцөл бүрдэж байна.
Манай байгууллага сүүлийн гурван улирал дараалан ил тод байдлын үнэлгээгээр 90-ээс дээш хувийн буюу хангалттай үнэлгээ авсан.
Алтанбулаг чөлөөт бүсийг богино хугацаанд хөгжүүлэх боломж бүрэн бий
-Алтанбулаг чөлөөт бүсийг ирэх 3-5 жилийн хугацаанд ямар түвшинд хүргэх зорилт тавьж байна вэ?
-Юуны өмнө бүсийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлуулах шаардлагатай. 2022 онд улсын төсвийн хөрөнгөөр уг төлөвлөгөөг боловсруулах ажилд нэг компанийн хамтрал шалгарсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй. Иймээс холбогдох байгууллагад удаа дараа хүсэлт тавьсны үр дүнд тухайн этгээдтэй байгуулсан гэрээг цуцлуулсан.
Одоо хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг шинээр боловсруулах шаардлагатай болсон тул үүнд шаардагдах хөрөнгийг 2027 оны улсын төсөвт тусгуулах саналаа хүргүүлсэн.
Алтанбулаг чөлөөт бүсийн хөгжил олон жил удааширсан нь зөвхөн тухайн бүсийн бус, улс орны эдийн засагт бий болгож болох байсан боломжуудыг ч алдахад хүргэсэн гэж үзэж байна.
Тиймээс бид хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг нарийвчилсан тооцоо, судалгаанд үндэслэн чанартай боловсруулж, батлуулахыг зорьж байна. Үүний дараа хэсэгчилсэн төлөвлөгөөг гаргаж, хэрэгжилтийг ханган, газар олголтыг батлагдсан төлөвлөгөөний дагуу эмх цэгцтэй зохион байгуулах шаардлагатай. Ингэж чадвал Алтанбулаг чөлөөт бүсийг богино хугацаанд хөгжүүлэх боломж бүрэн бий.
-Алтанбулаг чөлөөт бүсийн хөгжилд хувь нэмрээ оруулах, хөрөнгө оруулах, хамтран ажиллах сонирхолтой дотоод, гадаадын хөрөнгө оруулагчид болон аж ахуйн нэгжүүдэд Та ямар уриалга, мессеж хүргэх вэ?
-Алтанбулаг чөлөөт бүс нь газар зүйн байршлын давуу талтайгаас гадна хууль эрх зүйн орчны шинэчлэлийн хүрээнд хөрөнгө оруулагчдын сонирхлыг татахуйц боломжуудыг бүрдүүлж байна.
Ирээдүйд үнэ цэн нь улам нэмэгдэх Алтанбулаг чөлөөт бүсэд хөрөнгө оруулж, бүсийн хөгжлийг хамтдаа бүтээцгээе гэж дотоод, гадаадын хөрөнгө оруулагчид, аж ахуйн нэгжүүддээ уриалмаар байна.
-Ярилцсанд баярлалаа.