Ачаалж байна…
Ачаалж байна…
Montsame2026 Montsame2026
ganaabadarch3@gmail.com

Мөрөн, 2026 оны арваннэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэр дэх улсын чанартай авто замуудын зорчих хэсэгт тогтсон цасыг цэвэрлэх, халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна.
А1102 дугаартай Мөрөн–Улиастай чиглэлийн авто замын Хөх хөтлийн даваанд “Азза нэгтгэл” ТӨХК-ийн Хөвсгөл аймаг дахь салбарын шуурхай ажлын хэсэг авто грейдер, ковш тус бүр нэг, инженер, техникийн ажилтнуудын бүрэлдэхүүнтэй ажиллаж, зорчих хэсэгт тогтсон цасыг хусаж цэвэрлэн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээлээ.
Мөрөн–Хатгал чиглэлийн авто замд “Эрдэнийн харгуй” ХХК авто грейдер, ковш, өөрөө буулгагч автомашин тус бүр нэгийг ажиллуулж, зорчих хэсгийн цасыг хусах, халтиргаа гулгаанаас сэргийлэх зорилгоор давс цацах ажлыг гүйцэтгэж байна.
А0902 дугаартай Булган–Мөрөн чиглэлийн авто замд “Азза нэгтгэл” ТӨХК-ийн Хөвсгөл аймаг дахь салбар авто грейдер хоёр, өөрөө буулгагч автомашин нэгийг ажиллуулан Мөрөн сумын аюулгүйн тойргоос эхлэн зорчих хэсгийн цасыг хусаж, замын арчлалтын ажлыг үргэлжлүүлж байна.
Цаг агаарын нөхцөл байдалтай холбогдуулан улсын чанартай авто замуудын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зорчих нөхцөлийг сайжруулах чиглэлээр холбогдох байгууллагуудын хамтын ажиллагаа, техник хэрэгслийн бэлэн байдлыг ханган ажиллаж байгаа юм байна.
Иймд иргэд, жолооч нарыг замын нөхцөлд хурдаа тохируулж, тээврийн хэрэгсэл хоорондын зайг баримтлан, хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг зөвлөж байна.